Энгийн ухамсрын түвшинд: ажил хэргийг гүйцэлдүүлэх, асуудлыг зүй зохистой шийдвэрлэх арга ухааныг “Менежмент” гэж ойлгодог. Энэ хүрээнд хүмүүсийн хуримтлуулсан туршлага, сургамж, тодорхой нөхцөл байдал, тохиолдлын талаар олны дунд тархсан хууч яриа, өгүүлэл нийтлэл, үлгэр домог цөөнгүй. Тэдгээрийг судалж сурвалжилсан, зохиомжлон дэлгэрүүлсэн ч бас бий. Уншсан, сонссон хүнд ухаарал бодрол төрүүлж, хийж бүтээх хүсэл зоригыг нь бадраан, ажил амьдралд тус нэмэр болж байвал энэ бүхнийг өөлж буруутгах шалтгаан юун, харин ч дэмжиж дэлгэрүүлүүштэй.
Саяхныг болтол Монголчууд бидний амьдралд мал маллах, ажил хийх, биеийг засах, настныг халамжлах, нялхсыг асрах, эх дэлхий, газар усаа хамгаалах, нэг үгээр ер ертөнцийн бүх явдал, хорвоогийн жам ёсны тухай ард олны дунд оньсого таавар, үлгэр туульс, дуу хуур, ерөөл магтаал, аман яриа, зүйр цэцэн үг зэрэг хэлбэрээр ихэд түгэн дэлгэрч; бүхний бодол ухаан, үйл амьдралын салшгүй хэсэг болон биежиж хэвшсэн ардын билиг сургаал онцгой үүрэгтэй байлаа.
Үүнтэй зэрэгцээд, үүний хажуугаар нийгмийн хөдөлмөрийн хуваарь, хоршил гүнзгийрэн орчин цагийн машинт аж үйлдвэр, худалдаа үйлчилгээний том том байгууллага, цаашлаад бүхэл бүтэн салбар бий болох явцад уг асуудалд ердийн ухамсар, баримжаа төдий байдлаар хандах боломжгүй болж түүнийг тусгайлан судалж шинжлэх, шинжлэх ухааны үндэстэй санал дүгнэлт боловсруулах түүхэн шаардлага бий болжээ. Ийнхүү менежмент хэмээх мэдлэгийн бие даасан салбар үүсэж хөгжсөөр нэгэн бүхэл бүтэн зуун аль хэдийн өнгөрсөн байна.
Өнгөрсөн хугацаанд “Шинжлэх ухаанч” гэх тодотголтой үүссэн мэдлэгийн энэхүү салбарын хөгжлийн явцад үйлдвэр, худалдаа, төрийн хийгээд нийтийн үйлчилгээг сайжруулах, тэдгээрийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр цөөнгүй сорилт туршилт, судалгаа шинжилгээний ажил хийгдэж үндэслэл, нотолгоонд суурилсан онол, арга зүй, загвар, зөвлөмж боловсрогдож нийтийн хүртээл болсоор иржээ.
Бүхэлд нь дүгнэж үзвэл, хэдийгээр судлах зүйл, судалгааны арга, аргачлын хувьд өөр хоорондоо ялгаатай ч тэдгээр нь хөгжлийн аль ч шатанд бүх төрлийн нөөцийг хэрхэн зөв бүрдүүлж, тэдгээрийн ашиглалт, үр ашгийг дээшлүүлэх ямар нөхцөл боломж байгааг олж тогтооход чиглэгдэж ирснээрээ нийтлэг шинжтэй гэж үзэж болно.
Ингэхдээ юун түрүүнд бүх төрлийн нөөцийн дотроос хамгийн чухал гэгдэх хүний нөөцийн асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн нь харагдана. Ажилчдын мэдлэг мэргэшил, ур чадвар, идэвх санаачлагыг хэрхэн сайжруулж тэдгээрийн хүч хөдөлмөрийг хэрхэн үр дүнтэй уялдуулан зохицуулах асуудал менежментийн ухааны гол судлагдахуун болов. Өөрөөр хэлбэл өнгөрсөн зууны эхэнд нэгэн судлаачийн хэлснээр “Менежмент бол хүнээр ажил хийлгэх ухаан” гэсэн ойлголт давамгайлсаар иржээ.
Энэ нь угтаа, асар өндөр бүтээмж, алдаа мадаггүй ажиллагаа, хаана ч ямар ч нөхцөлд өгөгдсөн даалгаврыг биелүүлэх чадвар зэргээрээ ялгарах орчин үеийн машин төхөөрөмж, мэдээлэл-технологийн сүлжээ зэргийн ард ямагт ухаант хүн, хүний хүчин зүйл зогсож байдгаас тодорхой харагдана.
Тэгэхлээр өнөөг хүртэлх менежметийн бүх түүх бол хүмүүсийг яавал илүү үр дүнтэй ажиллуулж, их үр дүнд хүрч болох вэ гэдэг ганцхан асуултын хариуг олохын төлөөх тасралтгүй эрэл хайгууль, сорилт туршилт, судалгааны түүх гэж үзэж болно. Энэ явцад, хүний дуулгавартай байдал, хичээнгүй шинж, ур ухаан, санаачлага, бүтээлч хандлага, хүсэл зориг гэсэн хэдэн гол шинж чухал үүрэгтэй болохыг судлаачид нэгэнт тогтоосон байдаг.
Хувь хүнд эдгээр шинжийг төлөвшүүлэх, тэдгээрийг дайчлан хөгжүүлэхэд хүмүүсийн үйл ажиллагаа, хүчин чармайлтыг нэгэн зорилгын дор нэгтгэн чиглүүлэх, төлөвлөх, зохион байгуулах, хянаж шалгах, урам зориг өгөх ажил буюу өөрөөр хэлбэл менежментийн тодорхой чиг үүрэг хэрэгтэй бөгөөд тэдгээрийг хэрэгжүүлэх ямар зохистой арга хэлбэр, туршлага байж болохыг судалж боловсруулсан санал зөвлөмж, сорилт туршилтын ажлын зарим үр дүнгийн талаар лекцийн эхний хэсэгт тодорхой дурдсан.
Жишээ нь менежментийн ухааны тэдгээр ололт нь баримталсан онол арга зүй, хэрэглэж хэрэгжүүлсэн нөхцөл байдлаасаа шалтгаалан мэдээжээр өөр хоорондоо ялгаатай төдийгүй өөрийн гэсэн онцлого, давуу ба сул талуудтай байх аж. Тэгээд ч бүх нөхцөлд таарч тохирох менежментийн нэг арга хэрэгсэл, төгс жор, “шидэт дохиур”, эцсийн ганц хариу гэж байхгүй. Харин тухайн тохиолдолд асуудлыг зөв зохистой шийдэх, ажил хэргийг илүү үр дүнтэй зохион байгуулахад хувь хүний бүтээлч хандлага, мэдлэг туршлага, авъяас чадвар бусдаас онцгой бөгөөд шийдвэрлэх үүрэгтэй болохыг тэдгээр судалгаанаас харж болно.
Шинжлэх ухаан уу эсвэл Урлаг уу?
Үүнээс үндэслээд өнгөрсөн зууны сүүл үеэс зарим судлаачдын дунд менежмент мэдлэгийн бие даасан салбарын хувьд чадах бүхнээ хийж хөгжлийн боломжит дээд цэгтээ хүрсэн тул түүний төгсгөл ирлээ гэх гутрангуй бөгөөд шүүмжлэлтэй хандлага давамгайлах болсон нь нууц биш. Харин менежмент хувь хүний ур ухаан, авъяас билигт тулгуурласан урлагын нэгэн бие даасан төрөл болохын хувьд хязгааргүй хөгжин цэцэглэх боломжтой гэж тэд үздэг байна.
Тэгвэл, өдгөө XXI зуун эхлээд бүтэн 20 жил өнгөрч байгаа өнөө үед менежментийг нэг талаас мэдлэгийн бие даасан төрөл буюу салбар шинжлэх ухаан, нөгөө талаас хувь хүний авъяас чадварыг илэрхийлэх урлагын нэгэн төрөл гэсэн нэгдмэл байр сууринаас хандах явдал илүүтэй давамгайлах болжээ.
Энэ бол дорно дахин, түүний дотор Монгол сэтгэлгээ, соёлын үүднээс авч үзвэл арга билиг, сав шим ертөнцийн зохицолдоо, хорвоогийн хэрэг явдлын шүтэн барилдлага талаас авч үзвэл тийм ч шинэ зүйл биш юм. Харин менежментийг шинжлэх ухааны үүднээс авч үзэж тайлбарлаж ирсэн өрнөдийн судлаач, шинжээчдийн хувьд бол яахын аргагүй шинэ зүйл төдийгүй, сэтгэлгээний томоохон хувьсал, эргэлтийн шинжтэй өөрчлөлтөд тооцогдох нь дамжиггүй.
Өнгөрсөн зууны сүүлээс өрнөдөд дэлгэрсэн “Менежментийн шинэ прадигма(үзэл баримтлал)”-ийг Питр Дракер-тай холбон үздэг. Хүмүүс өнөөг хүртэл бизнесийн захиргаа гэдэг ойлголтыг аливаа орцыг гарц болгох бие даасан үйл ажиллагаа хэмээн ойлгож түүний үр дүнг бүтээгдэхүүн, ажил үйлчилгээ, ашиг орлого гэх мэтээр илэрхийлэн хэмжиж ирсэн. Гэвч эцэст нь, бизнес бол хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангах, өөрийн гэсэн хэрэглэгчийг бий болгоод зогсохгүй тэднийг хөгжүүлж араасаа улам бүр олон хүмүүсийг дагуулахад оршдог гэж үзснээрээ менежментийн онолд үнэтэй, шинэ хувь нэмэр оруулжээ.
П.Дракер “Мэдлэгийн ажилчин” гэдэг нэр томъёог бий болгож, аливаа компани, байгууллагын менежментийн өөр нэг чухал чиг үүрэг бол бүх шатны удирдах ажилтнууд, менежерийн хувьд гадны буюу дээрээс үзүүлэх шахалт дарамтаар ажиллавал үр дүнд хэзээ ч хүрэхгүй. Харин хүн бүр өмнөө тавьсан өөрийн гэсэн зорилго зорилтыг удирдлага болгож, өөрөө өөрийнхөө үйл ажиллагааг хянаж үнэлэх, хөгжүүлэх гэсэн хоёр гол хөдөлгөх хүчинд тулгуурлаж ажиллах ёстой гэж үзэж байв.
“Наполеон, Леонардо да Винчи, Моцарт гэх мэт дэлхийн суут алдартнууд өөрсдийгөө удирдаж чадсанаар л амжилтанд хүрсэн. Өнөөгийн бизнест ч ялгаагүй амжилт хүн бүхэнд биш, ганцхан өөрийгөө зөв таньж давуу талаа нээн илрүүлж ашиглаж чадсанд нь л ирдэг юм” гэжээ.
Түүний бодлоор хүмүүс өөрийгөө хэн болохыг зөв таньж мэдэхийн тулд хэдэн гол асуултад хариулж чадсан байх ёстой өмнөх бүлэгт тодорхой дурдсан.
Өнгөрсөн зууны 80, 90-д оны менежментийн сэтгэлгээний нэгэн ноён оргилыг Профессор Стийвен Кови-гийн нэртэй зүй ёсоор холбон үздэг. Тэрээр Харвардын их сургуулийг бизнесийн захиргааны магистраар төгсч улмаар Бриган Ян их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм. Түүний бичсэн “Хамгаас бүтээлч хүмүүсийн 7 дадал” хэмээх ном дэлхийн 30 гаруй оронд хэвлэгдсэний дотор Сүхбатын Тунгалаг гэгч эмэгтэйн зориг, зүтгэл гарган Монгол хэлнээ орчуулснаар 2007 онд “Үр бүтээлтэй хүмүүсийн 7 хэвшил” нэртэйгээр манай уншигч олны хүртээл болсон юм.
Суралцагч Байгууллага
Менежментийн шинэ прадигмийг үндэслэгчдийн нэг, судлаач Питр Сингэ, “Хүмүүс хувь хүн талаасаа ихэнхдээ сурч боловсрох хүсэл эрмэлзлэлтэй байдаг, тийм чадвартай атал яагаад байгууллага бүхэлдээ сурч хөгжиж чадахгүй байна вэ, түүний шалтгаан юу вэ?” гэдэг сэдвийн хүрээнд судалгаа хийн шинэ зууны менежментийн нэгэн чиглэл болох “Суралцагч байгууллага”-ын санааг анх дэвшүүлжээ.
Тэрээр судалгааны үр дүнд: бүтэц, зохион байгуулалтаас гадна системийн хандлага, удирдагчийн хувийн ур чадвар, хүмүүсийн сэтгэхүйн хэв маяг, хамтын үнэлэмж, багаар суралцах арга гэсэн өөр хоорондоо харилцан хамаарал бүхий 5 хүчин зүйл голлож байгааг тогтоосон байна.
Хүмүүс үйл явдлын гэрч төдий биш, харин бодит байдлыг өөрчлөх үйл явцад идэвхтэй оролцогч байж чадсанаар тэд зөвхөн нөхцөл байдалд дасан зохицох биш, харин ирээдүйгээ хамтдаа бүтээгчид болж чадна. Энэ нөхцөлд л байгууллага бүхэлдээ суралцагч болж тасралтгүй хөгжин дэвжих бололцоо нээгдэнэ гэж тэрээр үздэг юм.
Гэвч бодит байдалд нийтийн хүртээл болж, олны дэмжлэгийг авч чадаагүй хүмүүсийн дэвшүүлсэн хоосон хийсвэр уриа хичнээн их байдаг билээ. Түүнийгээ алсын хараа, хэтийн зорилго, эрхэмлэх зүйл гэж нэрлэж өөрийгөө болон бусдыг хуурах тохиолдол бишгүйдээ л байдаг нь нууц биш.
Харин нийтээр хүлээн зөвшөөрч тэдний итгэл үнэмшил, эрхэмлэн дээдлэх үнэт зүйл болсон алсын харааг бий болгож чадаж байна уу? Хүн бүрийн ажил үйлс тэрхүү хүсэн хүлээсэн ирээдүйг бүтээхэд чиглэдэг үү?
Удирдах хүмүүс, ялангуяа байгууллагын дарга захирлууд эдгээр асуултыг хааяа ч болов өөртөө тавьж байхад илүүдэхгүй бизээ. Энэ бол угтаа мэдлэгийн, бас өөрчлөлтийн шинэ зууны менежментийн амин сүнс, хамгийн гол зүйл мөн.
Мэдлэгийн менежмент
Энэ ташрамд дурдахад мэдлэг гэдгийг байгаль, нийгмийн юмс үзэгдэл, тэдгээрийн мөн чанар, хөгжил хөдөлгөөний талаархи ойлголт хэмээн үздэг уламжлалт ухагдахуун үндсээрээ өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл бидний зорилго бол зөвхөн юмс үзэгдлийг танин мэдэхэд биш, харин олж авсан мэдлэгээ амьдрал, үйл ажиллагаандаа хэрэглэхэд оршдог.
Мэдлэгийн менежментийн үзэл санааг анх дэвшүүлсэн гэгддэг Хитоцубаши Их сургуулийн Бизнесийн судалгааны институтын захирал, профессор Икюжиро Нонакагийн үзсэнээр “Хувь хүн, байгууллагын үр дүнтэй ажиллах чадварыг хэрхэн дээшлүүлж болохыг нотолсон итгэл үнэмшил бол мэдлэг юм”. Тэгвэл энэ салбарын бас нэгэн гол төлөөлөгч Шведийн судлаач Карл–Ерик Свейби “Мэдлэг бол ажил хийх чадвар” юм гэж хэлсэн байдаг. Ийм чадварыг Монголчууд эрдэм гэх бөгөөд тийм чадвартай хүнийг эрдэмтэй хүн гэж үнэлж хүндэтгэдэг.
Гэтэл шогол дүүрэн хураасан, тавиур дүүрэн өрсөн номтой байгаад түүнийгээ уншиж судлахгүй, зөвхөн үзвэр болгон хадгалдаг, эргүүлж тойруулж харсан төдий ч учрыг олж ажил амьдралдаа хэрэглэж мэдэхгүй, эсвэл олон тооны сургууль дамжаа дүүргэж элдэв батламж бичиг авсан ч түүнийхээ хэргийг гаргадгүй хүмүүс цөөнгүй байдгийг бид мэднэ.
Үүний тулд авч байгаа цалин орлого нь тухайн хувь хүний төдийгүй, нийт хамт олны хөдөлмөрийн үр дүнгээс хамаарч амьдралын чанарын стандартыг хангадаг байх төдийгүй хийж бүтээж байгаа зүйлээ илүү үр дүнтэй, илүү боловсронгуй болгох, илүү сайн болгохын төлөө хүн бүр махран ажиллах, тасралтгүй шинэчлэн сайжруулах/инноваци/ тогтолцоог бүрдүүлж хөгжүүлж чадаж байгаа тэр газар л амжилтанд хүрч түүнийгээ тогтвортой хадаглаж чадаж байгааг тэрээр олж тогтоосон байна.
Өөрөөр хэлбэл ажилтан бүр санаачлагч, ентерпрүнер, захирал байж, үйл ажиллагаагаа хоорондоо өөрсдөө харилцан уялдуулж ажиллах, удирдлагын уламжлалт шаталсан тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэх нүсэр аппарат, нэг нь зорилго тодорхойлж үүрэг даалгавар өгөн нөгөө нь биелүүлдэг ёс төдий байдал үгүй болох тэр цаг удахгүй ирэх болно.
Энэхүү нийтлэлийг 2017.11.30-д Профессор Д. Цэрэндорж-н тависан МЕНЕЖМЕНТИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛ, МОНГОЛ ӨВ СОЁЛ лекцээс сийрүүлэн хоёрдох xэсэг болгон тавив.