Posted on: 09/12/2020 Posted by: Bishrel Ts Comments: 0

Ковид-19 бизнесийн байгууллагын үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байгааг саяхан МХАҮТ-ээс гаргасан тайланд дэлгэрэнгүй дурдсан билээ. Үүнийг хямралын өмнөх үетэй харьцуулан харах үүднээс манай холбооноос урьд жилүүдэд бизнесийн 200 гаруй байгууллагыг хамруулан хийсэн судалгааг танилцуулж байна.

Бизнесийн байгууллагын менежментийн чадамж, түүний үзүүлэлтүүд

Байгууллагын менежментийн чадамж гэж юу болох, түүнийг хэрхэн хэмжиж тодорхойлох вэ гэдэг асуулт мэргэжлийн судлаач шинжээчид болон бүх шатны менежерүүд, удирдах ажилтнуудын анхаарлыг зүй ёсоор татах болсон. Учир нь том жижиг бизнес, төр засгийн байгууллагын ажлын үр дүн, ололт амжилт  эцсийн дүнд чухамхүү уг байгууллагын менежментийн ур чадвар, чадамжаас  шууд шалтгаалдаг.

Судалгаа нь үндсэн хоёр зорилготой.

  1. Аж ахуйн нэгж байгууллагын менежментийн байдал, хүрсэн түвшин, тулгамдаж буй асуудлууд, нөлөөлж буй хүчин зүйлсийг судалж тогтоох. 
  2. Байгууллагын Менежментийн чадамжийг сайжруулах талаар тухайн байгууллага, салбарын түвшинд болон нийт улс үндэстний хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажил, баримтлах бодлого зорилтуудыг тодорхойлох.

Бизнесийн байгууллагын менежментийн чадамжийн индекс (MCI)ийг тодорхойлоход стратегийн удирдлага, ажлын гүйцэтгэл, хүмүүсийг удирдах арга, санхүүгийн менежмент, удирдлагын бүтэц зохион байгуулалт гэсэн гол үзүүлэлтүүдийг ашигладаг. Мөн мэдлэгийн менежмент, инноваци буюу төгөлдөршил, харилцаа хамтын ажиллагаа, компанийн засаглал гэсэн үзүүлэлтүүд чухал үүрэгтэй. Гэхдээ аль ч байгууллагад менежментийн чадамж нь эцсийн дүнд тухайн байгууллагын ажлын бодит үр дүнгээр илэрхийлэгдэх учраас түүнд илүү ач холбогдол өгдөг.

Энэ утгаар нь чадамжийн үзүүлэлтүүдийг үйл явцын болон үр дүнгийн гэж ангилж нийт дүнд тэдгээр тус бүрийн эзлэх хувийг тодорхойлон индексжүүлэх нь чухал ач холбогдолтой юм.  Мөн бидний хэрэглэсэн асуулгыг энд дарж үзнэ үү.

Screen Shot 2020-12-09 at 4.12.49 PM

Судалгааны үр дүн

Бизнесийн байгууллагын менежментийн чадамжийн ерөнхий үнэлгээ

Screen Shot 2020-12-15 at 5.07.39 PM

Дээрх үнэлгээг индекст шилжүүлэн ерөнхий индексийг хувь тэнцүүлэх аргаар тооцоход Монголын бизнесийн салбарын менежментийн чадамжийн ерөнхий индекс 68,7 болжээ. Үүний задаргааг доорх графикаас харж болно.

Screen Shot 2020-12-10 at 2.03.01 PM

Эндээс үзэхэд бизнесийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааны индекс хамгийн өндөр /73.1/ байгаа боловч ерөнхий индекст эзлэх хувийн жин нь бага /3,6/ учир байгууллагын менежментийн чадамжид төдийлөн эерэг хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна. Харин хувийн жин, ач холбогдол өндөртэй байгууллагын үйл ажиллагааны бодит үр дүнгийн үзүүлэлтүүд 69.3, стратегийн удирдлага 66.0 байгаа нь харьцангуй доогуур үзүүлэлт бөгөөд энэ хэмжээгээр чадамжийн ерөнхий индексийг бууруулах шалтгаан болжээ.

Бизнесийн байгууллагуудын менежментийн чадамжид үнэлгээ өгсөн байдлыг судалгаанд оролцогчидын эрхэлсэн ажил, албан тушаалын түвшнээр ангилан үзэхэд байгууллагын дээд удирдлагууд, дунд доод түвшний ажилтнуудаа бодвол илүү өөдрөг бодолтой, сэтгэл хангалуун явдаг нь анхаарал татна.

Screen Shot 2020-12-09 at 4.13.51 PM

Тайлбар, дүгнэлт

Хүмүүсийг удирдах ур чадварын үзүүлэлт бусад бүлэг үзүүлэлт  дундаа хамгийн багаар (64.0)  үнэлэгдсэн байна.

Мэдлэгийн менежментийн индекс (66.2) байгаа нь байгууллагын менежментийн чадамжийн ерөнхий индекийг хойш татаж байгаагийн дотор удирдлагын зүгээс ажиллагчдын дунд мэдлэг, туршлагаа хуваалцах, харилцан тусалж хамтран ажиллах, нөхөрсөгөөр өрсөлдөх, шилдэг ололтыг дэлгэрүүлэх орчин нөхцлийг бүрдүүлэх, тавих анхаарал хангалтгүй байгааг оролцогчид дүгнэжээ.

Компанийн засаглалын индекс 71.4 буюу ерөнхий индексээс өндрөөр үнэлэгдсэн боловч дотоодын хяналт шинжилгээ, үнэлгээг тогтмолжуулах, үйл ажиллагаандаа хөндлөнгийн санал зөвлөмжийг тусган, нээллтэй ил тод байдлыг эрхэмлэн ажиллах талаар цаашид анхаарах асуудал байгааг оролцогчид тэмдэглэжээ.

Бизнес эрхлэх бодлого, эрх зүйн орчин

Screen Shot 2020-12-15 at 5.11.09 PM

Бизнес эрхлэгчдийн зүгээс хууль санаачлах батлах ажлыг эдийн засгийн үндэслэл тооцоо хангалтгүй, хэдхэн баяуудын эрх ашгийг хамгаалсан хууль гаргах явдал байгааг шүүмжилж, хууль, дүрэм гаргахдаа заавал мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдээс санал авч амьдралд ойрхон, зохицуулалтхийдэг байх хэрэгтэй гэж үзжээ. Цаашид дунд, урт хугацаанд баримтлах бодлого, эрх зүйн ойлгомжтой тогтвортой орчинг бүрдүүлэх, дунд шатанд албан тушаалтан, бүлгийн, хувийн ашиг сонирхолд нийцүүлэн хуулийг тайлбарлаж, хэрэглэх явдлыг зогсоохыг анхааруулжээ.

Мөн бодлого зохицуулалтын хувьд төрийн ба төрийн бус байгууллагууд илүү нэгдмэл байж, аль нэг байгууллагын эрх ашгийн төлөө бус нийт зах зээлийн төлөө хамтран ажиллах орчин, нөхцлийг бүрдүүлэх, татвар, гааль, салбарын бодлого зохицуулалтыг шударга, өрсөлдөөний зарчимд нийцүүлэн ил тод, нээлттэй байдлыг хангахын чухлыг тэмдэглэсэн байна.

Төрөөс үзүүлэх дэмжлэг, зохицуулалт

Screen Shot 2020-12-15 at 5.14.01 PM

Хэт нэг талыг барьсан тогтоол шийдвэрүүд нь шударга өрсөлдөөнийг бууруулж эцэст нь бизнесийн байгууллага, хэрэглэгчдэд дарамт болж буйг тэмдэглээд бизнес эрхлэгчдийг олон төрлийн хяналт шалгалт, шахалт дарамтаас ангид байлгах, аливаа тендэр, шалгаруулалтыг үнэн зөв, шударга, хараат бус байдлаар явуулах санал ирүүлжээ.

Мөн яам агентлаг, засгийн газрын байгууллагуудын ажил удаан, чирэгдэл ихтэй байгааг шүүмжлээд, тэднийг сонсдог байх, хувийн хэвшлийн тулгамдсан асуудлыг судалж ойлгож шийдвэрлэхэд хамтран ажиллах, мэргэжлийн түвшинд үзүүлэх дэмжлэгийг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, татварын уян хатан бодлогоор тусламжаар дэмждэг байхын чухлыг дурдсан байна.

Их, дээд сургууль төгсөгчдийн мэдлэг, чадвар

Их, дээд сургууль төгсөгчдийн мэдлэг, ур чадварын талаар дараах асуудлуудыг шийдэх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

· Хэт ерөнхий мэдлэг олгож буйг анхаарч тодорхой чиглэлээр мэргэшүүлэх

· Судалгааны үндэстэй, шинжлэх ухааны онолын мэдлэг, инновацийг дадлага чадвар болгох

· Суурь боловсролыг зөв үнэлэх, ой тогтоолт, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх, хэл бичгийн боловсролыг сайжруулах

· Бие даан шийдвэр гаргах, үзэл бодлоо илэрхийлэх, хамгаалах талыг хөгжүүлэх

· Их дээд сургуулийн оюутнуудыг үйлдвэрлэлийн чиглэлээр нь дадлага хийлгэх, үүнд сургууль төсөв зардал гаргаж тэнхим, багш нар нь оюутантайгаа, их дээд сургуулиуд компаниудтай нягт хамтран ажиллах

· Гадаадад сурсан мэргэжилтнүүдийг өндрөөр үнэлж мэдлэгийг монголдоо нутагшуулах, тэднийг ажиллах боломжоор хангах

· Пүүс, компаниуд мэргэжилтнүүдийнхээ хөдөлмөр, ур чадварыг зохистой үнэлж цалин хөлс, урамшууллын оновчтой арга хэлбэрийг сонгож нэвтрүүлэх зэрэг болно.

ЕРӨНХИЙ САНАЛ ДҮГНЭЛТ

Судалгааг дэлхий нийтийн жишиг, тогтсон арга зүйг баримтлан тус холбооноос Монголд анх удаа хийсэн бөгөөд түүнд хувь хүн, байгууллагууд идэвхитэй оролцов.

Судалгааны дүнгээс үзэхэд манай орны бизнесийн байгууллагууд менежментийн орчин үеийн арга, техникт суралцан үйл ажиллагаагаа сайжруулан үр дүнгээ дээшлүүлэхийн төлөө чармайг ажиллаж байгаа нь харагдлаа. Ялангуяа гүйцэтгэлийн манлайлал, санхүүгийн менежмент, харилцаа хамтын ажиллагааны үзүүлэлтүүд харьцангуй өндөр байгаа нь сайшаалтай.

Харин алсын хараатай (стратегийн) удирдлага, хүмүүсийг удирдах арга ажиллагаа, мэдлэгийн менежментийг сайжруулах талаар цаашид багагүй анхаарах шаардлагтай байгаа нь ажиглагдав.

Байгууллагын ашиг орлого, ажлын гүйцэтгэл, чанар зэрэг менежментийн чадамжийн эцсийн үр дүнгийн үзүүлэлт төдийлөн өндөр биш байгаа нь гадаад дотоод олон хүчин зүйлтэй холбоотой боловч байгууллагын удирдлагын зүгээс энэ талаар хийх ажил, шийдвэрлэх сорилт их байгааг судалгааны дүн харуулж байна. Нөгөө талаар, бизнесийн байгууллагын менежментийн чадамжийг сайн байлгах, түүний үр дүнг дээшлүүлэхэл төр засгийн бодлого үйл ажиллагаа чухал нөлөөтэй бөгөөд ялангуяа яам агентлаг, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, зөвлөх үйлчилгээний байгууллагаас эх орны бизнесийг дэмжихэд чиглэсэн үр нөлөөтэй зохицуулалт, дэмжлэг туслалцаа шаардагдлагатай байгаа нь харагдлаа.

Энэхүү судалгааны бүтэн эхийг авч уншихыг хүсвэл манай info@mamo.mn хаяг луу хандана уу. Баярлалаа

Leave a comment