Цахиурын хөндийн томоохон компаниудийн нэг, дэлхийн хамгийн олон хэрэглэгч бүхий кино үзвэрийн платформ- Netflix-н хүний нөөцийн урланд тавтай морилно уу.
Тус компаний CEO Рийд Хастингс, CTO(Chief Talent Officer) Патти МкКорд нарын бэлтгэсэн байгууллагын соёл, идэвхижүүлэлтийн талаар 127 хуудас бүхий танилцуулага интернетэд тавигдсанаас хойш 5 сая гаруй хандалт авсан юм. Үүнээс эх авч Патти МкКорд “Powerful: Building a Culture of Freedom and Responsibility” номоо бичсэнийг иш татан энэхүү өгүүллийг нийтлэв.
Netflix компани анх DVD паркатлаж байсан цаг саяхан. Энэ бол 1997 он. Харин өнгөрсөн хугацаанд үсрэнгүй амжилт олсоны гол учир шалтгаан юу байв?
Үүнийг ажилчдын ур чадвар болон байгууллагын соёл гэсэн хоёр гол ойлголттой холбон авч үзэх нь бий. Номонд дурьдсанаар тус компанийн хүний нөөцийн урлан доорх таван зарчимд тулгуурладаг ажээ.
Ухаан бодол тэгширсэн хүнийг л сонгон авч, урамшуулж, таарч тохирч ажиллах
Хүмүүс албан ёсны бодлого шийдвэр гэхээс илүүтэй харин өөрийн гэсэн үзэл бодол, энгийн ухамсарт найдаж ажиллах нь ихэнх тохиолдолд бага шиг зардлаар илүү үр дүнд хүрдэг болохыг тэд ажиглаж мэдсэн юм. Хэрвээ компанийн ашиг сонирхлыг урдаа тавьж, өндөр үр өгөөжтэй ажиллах чадах чин хүсэл эрмэлзэлтэй хүнийг сонгон авсан бол тэдний 97% нь ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэгэж чаддаг байна. Харин ихэнх компаниуд үлдсэн 3%-иас үүдэлтэй асуудлуудыг шийдэх зорилгоор хүний нөөцийн бодлого, журам дүрмийг боловсруулж хэрэгжүүлэхэд хамаг цаг хугацаа хөрөнгө мөнгөө зориулдаг ажээ.
Netflix-ийн хувьд тийм хүмүүсийг ажилд авахгүй байхыг тэнхээгэрээ хичээдэг бөгөөд хэрвээ тийм алдаа гарсан бол тэднийг аль болох хурдан явуулдаг байна.
Netflix-н өртөг зардлын бодлого тун тодорхой. Энэ нь Netflix-н ашиг тусын төлөө ажиллах гэсэн тавхан үгэнд багтана. Үүний тулд байгууллагын мөнгийг өөрийн мэт зарцуулах эрх мэдлийг санхүүгийн албанд биш менежерүүдэд шилжүүлэн өгсөн байна. Энэ бол тэдний ажиллагчдаа ухаан бодол тэгширсэн том хүн гэж үзэн, тэднийг компаний дүрэм журманд баригдахаас илүүтэй үүрэг хариуцлагаа өөрсдөө үүрэн ажиллах хэрэгтэй болохыг ойлгуулсан нэгээхэн жишээ юм.
Гүйцэтгэлийг үнэнээр нь хэлэх
Netflix олон жилийн өмнөөс ажлын гүйцэтгэлийн албан ёсны үнэлгээг халжээ. Үүний оронд менежерүүд болон ажилчид өөр хоорондоо ажлын гүйцэтгэлийн талаар чин сэтгэлээсээ ярилцаж зөвлөлдөх болов. Борлуулалт, инжениринг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэх мэт ажил үүргүүдийг хүмүүс хэр зэрэг сайн гүйцэтгэж байгаа нь олны нүдэнд ил тодорхой байдаг.
Уламжлалт байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээнүүд ямарваа шүүх маргаанаас сэргэмжлэх зорилготой байдаг нь нууц биш. Тэдний хувьд хэрвээ хэн нэгний ажлын гүйцэтгэл тааруу бол түүнийг цаасан дээр бичиж үлдээн түүнийгээ хүмүүсийг хэдэн сар хоногын дараа ажлаас халах шалтгаан болгон ашигладаг. Үүний оронд Netflix ажилчиддаа гүйцэтгэлийн талаар үнэнийг хэлэхийг эрхэмлэдэг байна. Тэд аливаа ажилтныг сар бүр тааруу үнэлгээ тавин ажлаас халах цаг мөчийг хүлээхийн оронд үнэнийг шууд хэлж ойлголцохыг чухалчилдаг.
Ингэж гүйцэтгэлийн явцыг ажилчидтай тогтмол, энгийн бөгөөд үнэн мөнөөр хэлэлцэн ярилцах нь аль аль талдаа ашиг тустай гэдэгт тэд итгэдэг юм.
Чадварлаг баг бүрдүүлэх нь менежрүүдийн эрхлэх гол ажил
Netflix DVD паркатлах биш стриминг үйлчилгээ лүү шилжихийн тулд тэдэнд асар их хэмжээний мэдээллийг “үүл“ болгон хадгалах (cloud service) шинэ төрлийн үйлчилгээ эрхлэх ажиллах хүчин хэрэг болсон юм. Мэдээжийн тэдний хувьд Google, Amazon, Facebook зэрэг өрсөлдөгчөөс чанартай ажиллах хүчнийг өөртөө татна гэдэг амаргүй зүйл байв.
Үүний тулд өрсөлдөхүйц цалин олговор, ухаан бодол тэгширсэн том хүн гэх хүнд хандах хандлага гол үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг. Тэд жилийн эцэст цалингийн бонус олгодоггүй, учир нь тэд нэмэлт цалин хүмүүсийг илүү их эсвэл илүү ухаалгаар ажилуулж чадна гэдэгт итгэдэггүйд юм. Түүний оронд хэрэв бусад компаниудаас тавиж буй ажлын саналын цалин Netflix-ийнхээс өндөр байвал тэр хэмжээгээр нэмэгдүүлдэг байна. Энэ бол аль ч талаас нь харсан ухаалаг нүүдэл гэдэгт Патти МкКорд итгэдэг байна.
Тэд менежерүүддээ сайн баг бүрдүүлэн ажиллах нь тэдний хамгийн том үүрэг гэж хэлдэг бөгөөд тэдний ажлыг бусдыг хэр сайн зааж сургасан, хэр их бичиг цаас “үйлдвэрлэсэн” зэргээр дүгнэдэггүй. Учир нь менежерүүд хэдий чинээ чадварлаг баг бүрдүүлж чаднав төдий чинээ тэдний ажлын гүйцэтгэл сайн, үр өгөөж өндөр байх болно.
Байгууллагын соёлыг төлөвшүүлэх нь удирдагчийн үүрэг
Байгууллагын соёл болон үнэт зүйлийн хооронд зөрчил үүсгэхгүй байх нь компанийн удирдлагын гол үүрэг юм. Удирдлагууд өөрсдийн цаасан дээр бичин үнэт зүйл хэмээн тунхагласан зүйлээ өдөр тутамдаа хэвшүүлж, тухайн үнэт зүйлийг хэвшүүлсэн бусад ажилтнуудаа үнэлж урамшуулдаг байх ёстой. Жишээлбэл, хэрэв үнэт зүйл нь бүтээмж юм бол удирдлагууд нь цагтаа ирэх, бусдын цагийг үнэлэхээс ажлаа эхлэх гэх мэт.
Хоёрт, удирдлагууд ажилчиддаа тухайн байгууллагад юу хувь нэмэр оруулж хэрхэн үнэ цэнийг бүтээж байгааг тодорхой ойлгуулахад анхаарах нь чухал. Хэрвээ сайн гүйцэтгэлтэй хүмүүсийг ажилд аван бизнесээ хөгжүүлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд тухайн бизнес яаж мөнгө олдог болон ямар зан үйл түүний амжилтанд нөлөөлдөг болохыг хүмүүсд ойлгуулахад цаг харамлах хэрэггүй.
Гуравт, тухайн компанид бий болж буй соёлын төрөл хэлбэр өөр өөр байдаг. Жишээ нь, технологи дээр суурилсан компаниудын хувьд энэхүү асуудлын хамгийн том жишээ бол борлуулалт болон инженеринийн багуудын хоорон дахь соёлын ялгаа юм. Энэхүү соёлын ялгаа байгууллага өргөжих тусам тодрох учир үүнд удирдлагуудын зүгээс зохих анхаарал хандуулах шаардлага гардагийг тэмдэглэх хэрэгтэй.
Хүний нөөцийн төгөлдөршил
Патти МкКорд өөрийн кариерын турш хүний нөөцийн салбарт ажиллаж ирсэн хэдий ч өөрийгөө уламжлалт хүний нөөцийн бодлогуудтай зөрчилдсөн үзэл баримтлалтай гэдгээ эртнээс анзаарах болсон байна. Тэрхүү ялгаа нь хүний нөөцийн удирдлагын баг ихэнх тохиолдолд бусад компаниуд юу хийж байгааг даган дуурайж харин ажилчдынхаа ёс суртахуун итгэл үнэмшилд бага анхаарал тавидаг гэж үздэгтэй холбоотой аж.
Өөрөөр хэлбэл ажилчдаа талбайн гаднаас дэмжихээс илүүтэй, хүний нөөцийн ажилтнууд өөрсдийгөө бизнесмэн гэж үзэн байгууллагын хөгжилд юу тустай болох, түүнийг ажилчдад хэрхэн ойлгуулах тал дээр илүү анхаарах хэрэгтэй юм. Хүний нөөцийн төгөлдөршил компанийн гүйцэтгэх удирдлага, ур чадварын менежерээс эхтэй.