Нийтэлсэн өдөр: 18/05/2015 Нийтэлсэн: admin Comments: 0

Менежментийн ухаан, түүний дотор байгууллагын менежментийн хөгжилд сэтгэл судлал чухал байр  эзэлдэг. Учир юун гэвээс менежмент өөрөө хүний ухамсартай үйл ажиллагааны нэгэн онцгой төрөл бөгөөд байгууллагыг удирдана, ажил хэргийг  зохион байгуулна гэвэл юуны түрүүнд хүмүүстэй ажиллах,  тэдний хүч хөдөлмөр, оюун бодол, санаа сэтгэлийг  нэгэн зорилгод төвлөрүүлэн нэгтгэх зорилт тавигдана.

Энэ утгаараа хувь хүн, гэр бүл,  хэсэг  бүлэг,  байгууллага, нийгмийн сэтгэл зүйн асуудал эртнээс нааш философи, шашин суртлын төдийгүй жирийн хүмүүсийн ажил амьдрал,   үйл ажиллагааны  нэгэн чухал хэсэг болсооор иржээ. Монголчууд ч энэ хувьд өөрийн гэсэн үзэл бодол, өв соёл,  уламжлалтай ард түмэн бөгөөд “их хэргийг бүтээе хэмээвээс хүмүүний биеийг биш, сэтгэлийг эзэмд”  гэсэн  сургаал үг байдаг нь  үүний нэгэн тод жишээ болох буй за.

Социализмын үед сэтгэл зүйн асуудлыг нам, эвлэлийн үзэл суртлын ажлын үндсэн  талбар  гэж үзэн уриа лоозон, үлгэр жишээний хүчийг  гол болгодог байлаа. Боловсрол, судалгааны салбарт гэвэл сэтгэл судлалын шинжлэх ухааныг сурганы болон сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай холбон авч үздэг уламжлалт хандлага давамгайлж байв. Харин улс орон ардчилал,  зах зээлийн харилцаанд шилжиж эхлэх үеээс нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдөж хувь хүн,  байгууллагын болоод нийгмийн сэтгэл зүйн асуудалд илүү тодорхой  анхаарал хандуулах зайлшгүй шаардлага бий болов.

Энэ ажил магадгүй, америкийн нэрт  сэтгэл судлаач Дейли Карнегийн “Ажил хэрэгч хүмүүсийн харилцааны сэтгэл зүй” номыг орчуулан нийтийн хүртээл болгох, тэр үеийн  Удирдлагын хөгжлийн институтэд Сэтгэл заслын тусгай өрөө байгуулж ажиллуулах зэрэг энгийн гэмээр зүйлээс эхэлсэн байх.  Харин тун  удалгүй байгууллагын сэтгэл зүй, сэтгэл судлалын асуудлаар гадаад дотоодын судлаач шинжээчдийн зарим бүтээл гарч эхлэх болсон  байна. Тэдгээрийн тоонд өнөөгийн Удирдлагын академийн багш нараас бичиж боловсруулсан Байгууллагын зан үйл /2004/, /Харилцааны ур чадвар /2010/  зэрэг бүтээлийг нэрлэж болох  ба мөн сүүлийн жилүүдэд хэрэглэгчийн зан үйл, харилцааны болон нийгмийн сэтгэл судлалын чиглэлээр өөр хэд хэдэн бүтээл   гарсныг талархан тэмдэглүүштэй.

Үүнийг бичигч өчүүхэн бичгийн хүн миний хувьд дээр нэр дурдсан хоёр бүтээлийг шүүн тунгааж тэдгээрт өөрийн санал бодлыг  шингээх завшаан  тохиож байсны дээр судлаач Б. Батсайхан, М. Дэлгэржав нарын “Байгууллагын сэтгэл судлал”  хэмээх энэхүү томоохон бүтээлийн эхтэй нарийвчлан танилцан үг үсэг нэмэрлэж хэл найруулага, утга агуулгын шинжтэй зарим зүйл дээр өөрийн гэсэн бодол санааг хавчуулан  гар бие оролцох болсондоо туйлаас олзуурхаж  буйгаа ташрамд илэрхийлье.

Бүтээл хэд хэдэн онцлогтой болжээ. Юуны өмнө уг ном байгууллагын сэтгэл судлалын асуудалд цогц утгаар хандаж түүний онол, арга зүйн үндсэн ойлголтуудыг тоймлон харуулж гадаад дотоодын эрдэмтэн судлаачдын бүтээл, зохиолоос иш татан харьцуулсан  байдлаар бичигдсэн нь сайшаалтай.  Сэтгэл судлалын шинжлэх ухааны нээлт ололтыг байгууллагын менежмент, үйлдлэгт ашиглаж ирсэн туршлага, энэ хүрээнд хийгдсэн туршилтуудыг судалж хүмүүсийг сонгон шалгаруулах,  тэдний идэвх санаачлага, урмыг хөхиүлэн дэмжих (сэдэлжүүлэх),  ажилллагчдын дунд ажил хэрэгч, эв найртай уур амьсгал бүрдүүлэх, стресс болон зөрчлийг арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх зэрэг байгууллагын ажил амьдралд байнга тохиолдож байдаг  асуудалд сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс хэрхэн хандах санал зөвлөмжүүдийг тусгасан нь уг номын бас нэгэн давуу тал юм.

Удирдагч, манлайлагч, менежер хүн хүмүүстэй ажиллах, үүний тулд  юуны түрүүнд өөрийгөө засаж хөгжүүлэх тал дээр анхаарах сэтгэл зүйн нарийн асуудлуудыг хөндөн шийдвэр гаргах үйл явцад хэсэг бүлэг, хувь хүний сэтгэл зүйн онцлогийг харгалзан үзэх хэрэгцээ шаардлага, арга хэлбэрийг тодорхойлон  байгууллагын сайн соёлыг төлөвшүүлэхэд удирдагч, хамт олны гүйцэтгэх  үүрэг, оролцооны тухай дэлгэрэнгүй дурджээ.   Байгууллага, түүний менежмент,  ажилтнуудын сургалт хөгжлийн асуудалд  сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс хандаж ажилтнуудын бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн нийгэм, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх асар их нөөц боломж байгааг ойлгомжтой байдлаар тайлбарлсан нь уг бүтээлийн өөр нэг давуу тал мөн. Байгууллагын сэтгэл зүйчийн ажил мэргэжлийн онцлог, түүнд тавигдах мэдлэг ур чадварын шаардлага, үйл ажиллагаандаа  баримтлах зарчим  зэргийг дурдаж өгсөнийг дэмжүүштэй.

Эцэст нь,  судлаач  Б. Батсайхан, М. Дэлгэржав нарын энэхүү цогц бүтээл манай орны их дээд сургуулийн эрдэмтэн багш нар, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ, боловсруулалтын  ажил эрхэлдэг нийт хүмүүс, бизнес эрхлэгчид, төр захиргааны байгууллагын ажилтнууд, иргэний нийгмийн зүтгэлтнүүдийн гарын авлага болохуйц онол, арга зүй, практикийн өндөр ач холбогдолтой  бүтээл болсоныг тэмдэглэж байна. Үүний  зэрэгцээ  уг бүтээлийг цаашид өөрийн орны жишээ баримт, ажил амьдралын алдаа оноо, туршлага, сургамжаар улам баяжуулан тодорхой сорилт туршилтын үр дүнг баталгаажуулснаар  бүтээлийн агуулга, хүрээ улам тэлж уншигч түмний эрэлт хэрэгцээнд  гойд нийцэхээс  гадна манай орны хувьд харьцангуй шинэ тутамд тооцогдох   шинжлэх ухааны тухайн салбарыг хөгжүүлэхэд эл  зохиогчид цаашид ч үнэтэй хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.

 

Дагвадоржийн Цэрэндорж

Удирдлагын Академийн менежментийн тэнхмийн профессор,

Монголын менежментийн холбооны тэргүүн

Сэтгэгдэл үлдээх