Оршилын оронд. 1989, 90 он бол Монголын улс төр орвонгоороо эргэж, эдийн засаг элгээрээ хэвтсэн их хямралын үе. Энэ хүнд үед монгол хүн, айл өрхийн амьдралыг хэн, бас юу авч гарсан гэж Та боддог вэ? Мэдээж төр засгийн зөв мэргэн бодлого, иргэн бүрийн идэвх санаачлага, гадны зээл тусламж энэ тэр гээд олон юм ярьж болох л байх. Гэхдээ эдгээрээс гадна, магадгүй эдгээрээс илүү чухал өөр хэдэн хүчин зүйл байсныг түүх гэрчилнэ.
Манай улсын эдийн засгийг бодит байдлаар авч үзвэл дээрх асуултын хариу ердөө гарын таван хуруунд багтах хэдхэн зүйлээр тодорхойлж болно. Тэр нь нэгд – мал мах, хоёрт – гурил будаа, гуравт – цахилгаан эрчим хүч, дөрөвт – хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний бусад эд бараа эдгээр юм. Гэхдээ монголын гэх онцлогтой эдийн засгийн эдгээр бодит салбаруудыг бензин шатахуун гэдэг зүйлгүйгээр бас төсөөлөхийн аргагүй. Нэг үгээр, монголын эдийн засаг бензинээр хөдөлдөг гэж ойлгож болмоор.
Харин тэр үед ч, одоо ч, цаашдаа ч дээрх 5 хүчин зүйл хар аяндаа өөрөө хөдөлж , урсгал байдлаар ажил хэрэг болж амьдралыг тэтгэж улс үндэстнийг аврах хүч болно гэж байхгүй . Тэгэхлээр түүний ард хүний нүдэнд харагдаж, гарт баригдахгүй мөртлөө гайхамшгийг бүтээгч ямар нэгэн “далдын” гэж хэлж болохоор их хүч, нууцлаг нэгэн ертөнц байна гэсэн үг. Гэхдээ түүнийг ид шид, илбэ жатга, эсвэл эзэн тэнгэрийн аврал гэвэл арай л хийсвэр болж таарна!
Тэгвэл тэр далдын гэхээр нууцлаг хүчин зүйл нь чухам юу байхав? Тиймээ, энэ бол монгол хүний асуудлыг шийдэх, ажил хэргийг болгож бүтээх их зөн совин, тэсвэр тэвчээр, зориг тэмүүлэл, арга ухаан, авьяас чадвар, товчдоо өнөөгийн шинжлэх ухаанч маягийн хэллэгээр бол менежмент юм. Менежмент буюу хамаарахуйн орчин үеийн ухаан, монгол өв уламжлал, ахуй соёл байхгүй байсансан бол монгол хүн, айл өрх, албан байгууллага, үйлдвэр пүүс, төр улс, улс үндэстэн маань хэрхэн оршин тогтнож, хөгжин цэцэглэх билээ? Тэгэхлээр энэ бол эдийн засаг нийгмийн хууль төдийгүй байглийн жам ёс мөн.
Гэтэл зарим хүн менежмент гэхээр зөвхөн ашиг орлого олох, үр ашигтай байх, өөрөөр хэлбэл бизнесийн байгууллагад л холбогдох зүйл мэтээр нэг тийш хэт хэлбийж, хадуурах тал элбэг ажиглагддаг. Хэдий үүнд үнэний хувь зарим талаар байх авч тэр нь ерөөс асуудлыг шийдэх, ажил хэргийг гүйцэлдүүлэхийн гол утга учир, цорын ганц зорилго биш гэдгийг юмны учир мэдэх хэнбугай ч тааж ядаад байх зүйлгүй ойлгоно.
Ингээд энэ мэт мэтгэлцээний маягтай яриагаа түр хойш тавьж харин энэ бүхэнтэй холбогдуулж Монголын менежментийн холбоо хэмээх мэргэжлийн төрийн бус байгууллагаас тухайн үед санаачлан бий болгож түмэнд таниулан, олны итгэл хүндэтгэлийг хүлээсэн Шилдэг менежер хэмээх эрхэм цолыг хүртэж шижир алтан тэмдгээр энгэр юугаа мялаасан анхдагчдын нэг, өдгөө бидний дунд нэгэнт үгүй болсон Жанчивын Оюунгэрэлийн гэгээн дурсгалд зориулж хэдэн үг нэмэрлэхийг хүснэм.
Нэмэрлэх ч гэж дээ, угтаа өнөө цагийн монголын бизнесийн ертөнцөд од болон гэрэлтэж явсан, ухаалаг, зоримог, эгэл жирийн, даруухан, хүмүүний манлай энэ бүсгүй чухамхүү ид хийж бүтээх насандаа юу бодож, юу хийж байв, үзэл бодол, итгэл үнэлэмж нь юу байв гэдэг талаар тухайн үед манай холбооноос гаргасан зурвас асуултуудад тэрээр өөрийн гараар хэрхэн хариулж байсан баримтыг цахим хуудасныхаа энэхүү дугаарт ямарваа нэмэлт тайлбар, засваргүйгээр сийрүүлэн нийтэлж байна. Онцлон тэмдэглэх гол зүйл нь талийгаач эрхмийн ажил үйлс, амьдрал хөдөлмөр бүхэлдээ улс орны эдийн засгийн амин хөдөлгүүр нефтийн салбар, хүний үйл ажиллагааны онцгой төрөл менежменттэй холбогдож ирсэнд оршино. Хүлээн авна уу!
I. Хувь хүний ажил үйлс, амьдралын замнал, зан чанарын онцлог
Таны төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжил, эрхэлсэн ажил 1979 онд Москвагийн нефт химийн дээд сургуульийг төгсч ирээд Улаанбаатар хотын нефт хангамжийн баазад шатахууны лимитийн мэргэжилтэн, нябо эдийн засагч зэрэг янз бүрийн ажлуудыг хийж ажлын гараагаа эхэлж байсан. 1990 онд Тээврийн яамны мэргэжилтнээс Нефт импорт хангамжийн нэгтгэлийн ерөнхий захирал гэсэн албан тушаалд гэнэт дэвшсэн нь огт удирдах ажил хийж үзээгүй миний хувьд маш хүнд байсан.
Шилжилтийн гэгдэх эдийн засаг нийгмийн хүнд хэцүүл жилүүдэд Таны ажил амьдралд тохиолдож сорилт бэрхшээлүүд, тэдгээрийг хэрхэн даван туулж байсан арга туршлага, хичээл сургамжаасаа хуваалцана уу?
Тэр үед улс орны эдийн засгийн байдал туйлын хэцүү байлаа . Манай улсын валютийн нөөц бараг байхгүй шахам болсон тэр үед ОХУ шатахууныхаа төлбөрийг зөвхөн валютаар авахаар болсон байлаа . 1990-1993 онуудын өвөл Улаанбаатар болон аймгийн төвүүдийг хөлдөөх аюул олон удаа тохиолдож түүнээс болоод нойргүй хонох өдрүүд олон байв . Нэг удаа Улаанбаатар хотын цахилгаан станцууд мазуттүй болж хөлдөх аюул тулгараад байх үед тэр үед эвслийн Засгийн газрын ерөнхий сайд асан Бямбасүрэн гуай НИК ХК – д мазут худалдан авахад зориулж 340000 ам доллар өгөхийг Улсын банкны ерөнхий хорооны дарга Хүдэрчулуунд даалгасан бичгийг надад өгч би түүнийг нь бариад Хүдэрчулуун гуай дээр очсон боловч энэ даалгаврыг биелүүлэх боломжгүй гэсэн хариуг сонсоод гарч билээ .
Тэгээд дарханы нэг нэхий дээл аваад Эрхүү хотын нефть хангамжийн удирдах газрын дарга дээр очиж уйлах шахаж байж хэдэн вагон мазут ачуулж байсан үе байсан . Тэр үед шатахуун ачсан вагонуудыг зүүдэлж сэрүүн үедээ тос гоожиж харалсан шатахууны вагонуудыг хараад хайр хүрдэг байлаа .
Таны амьдралын зорилго – Өнгөрсөн амьдралдаа харамсахгүй, өнөөдөр аз жаргалтай байж чаддаг байх
Амьдралын философи – өөрөө өөртөө үнэнч байх
Дээдэлдэг үнэт зүйлс – шударга байх , хэлсэн үгээ хариуцах, өөрийгөө болон ойр дотны хүмүүс бусад хүмүүсийг хайрлаж чаддаг байх
Аз жаргал – хүнд хэрэгтэй байж хүнээр хайрлаж хүндлүүлэх явдал
Өөрийн үнэлгээ – Өөрийгөө шууд үнэлж цэгнэх гэдэг бол хэцүү асуудал . Гэхдээ миний хувьд сэтгэн бодох чадвар сайтай, бүтээлч хүмүүсийн санаачлагыг дэмжихдээ гайгүй гэж боддог . Бусдын сайн хийж байгаа зүйлийн шинэ санаа, арга барилыг шууд нэвтрүүлэхийг хичээдэг . Ялангуяа гадаадын компаниудын бүтэц, холын стратегийг ойлгож компанидаа хэрэгжүүлэхийг хичээдэг .
Ойрын ирээдүйн зорилго, зорилт – Бид 8 жилийн өмнө компаниа Монголын зах зээлд тэргүүлэх байр суурь эзлүүлнэ гэсэн эрхэм зорилго тавьж байсан бол тэр зорилго маань тооны хувьд биелэлээ олсон, одоо цаашид чанарын хувьд, мэргэжлийн түвшинд тэргүүний байх шинэ зорилгыг өмнөө тавиад ажиллаж байна .
Таньд урам зориг хүч чадал өгдөг, бас сэтгэл эмзэглүүлж явдаг зүйлс – Хүн үргэлж сайн сайхныг мөрөөдөж түүнийгээ биелүүлж байвал сайхан. Тийм хүмүүстэй уулзах, хамт ажиллахдаа урам зориг маань нэмэгддэг. Худал хуурмаг байдал, урвалт, буруу замаар бохир аргаар хийж байгаа үйлдэл бүр сэтгэлд түгшүүр гуниг авчирдаг.
Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг хийгээд авьяас сохирхол – Чөлөөт цагаа сонирхолтой, сайхан энергитэй хүмүүстэй өнгөрөөх, ганцаараа бясалгаж суух, ном унших сонирхолтой, Ажил болон гэртээ тавлаг сайхан орчныг бий болгох дуртай.
II. Хувь хүний нийгмийн чиг баримжаа, үзэл бодол, байр суурь
Хөгжлийн тухай бодол, үнэлэмж – Улс орны хувьд бол хөгжлийн холын зорилгыг олон намууд, ард түмний төлөөлөл оролцож шийдээд түүнийгээ хэлбэрэлтгүй мөрдөх, улс орон хаашаа яваад хэзээ хаана хүрэхийг ард түмэндээ энгийн байдлаар ойлгуулах. Улс төрийн намууд зөвхөн энэ зорилгыг хэрэгжүүлэх арга замаараа өрсөлдвөл хөгжлийн тогтвортой байдал бий болно .
Улс орноо түргэн хөгжүүлэхийн тулд бид юу хийх ёстой вэ – Улс орны хөгжлийн загвар, зорилго ойлгомжтой бол компаниудын хөгжлийн зорилго мөн ойлгомжтой зөв болно. Зөвхөн оюун ухаанд тулгуурласан хөгжлийн бодлого улс орныг хөгжүүлж чадна. Өөрсдийнхөө сайн хийж чаддаг зүйлийг бусад орны шилдэг технологийг ашиглах замаар дэлхийн зах зээл дээр өөрийн гэсэн орон зайг эзлэх. Юун түрүү боловсрол, мэдээлэл эдийн засгийн боломжоо төвлөрүүлэх чухал болов уу.
III . Менежментийн сэтгэлгээ , арга барил , амжилтын эх сурвалж
Компанийхаа ирээдүй, менежментийн арга барилын талаар – Компанийхаа ирээдүйд итгэдэг үнэнч чадвартай хүмүүс мэдээллийн технологид тулгуурласан менежментийг зөв гэж үздэг. Дээр хэлснээр зөвхөн хүмүүсийн мэдлэг, итгэл, үнэнч байдалд тулгуурлахаас гадна Компанийнхаа хүрэх зорилгыг зөв тодорхойлж түүнд хамт олноо чиглүүлж чадсан нь манай компанийн амжилтын үндэс болох болов уу.
Бизнест учирч буй гол саад бэрхшээл, сорилтууд – Гол бэрхшээл нь шударга биш өрсөлдөөн, төрийн хяналтын байгууллагын дарангуйлал.
Мөнгө, цаг хугацаа, менежэр хүний эрхэмлэх зүйлсийн талаархи таны бодол – Мөнгө бол хүн сайхан амьдрахад туслах хэрэгсэл. Мөнгийг бизнесээ хөгжүүлэх болон сайхан үйлийн төлөө зөв зарцуулж чадвал эзэндээ аз жаргал, нэр хүндийг авчирч түүнд хэт их шунавал гай зовлон чирч ирдэг гэж боддог.
Цаг хугацаа бол мөнгөнөөс үнэтэй гэсэн үзлийг зөвшөөрдөг. Менежер хүн өөрийн амьдарч буй цаг мөч бүрийг баяр баясгалантай, утга учиртай өнгөрөөхийг хичээдэг байхаас гадна бизнесийн ёс зүйг өндөрт сахиж чаддаг, шударга өрсөлддөг, хэлсэн үгээ биелүүлдэг байх нь миний баримталдаг гол зарчим. Мөнгийг олж болно. Харин жинхэнэ нэр хүндийг ямар ч мөнгөөр худалдан авч, арилжиж зарах боломжгүй.
Амжилтанд хүрэхэд гэр бүл, хань ижил, үр хүүхдийн үүрэг – Гэр бүлийн гишүүд нэг нэгийнхээ ажлыг ойлгож дэмжиж, туслах нь хүний ажлын амжилтын гол нөхцөл. Энэ нөхцлийг манай гэр бүлийнхэн надад бий болгож өгсөн. Хүүхдүүдийг биеэ даасан хувь хүмүүс учраас тэд өөрсдөө өөрсдийнхөө хувь заяаг шийднэ гэж үздэг. Ээж, хүний хувьд томоохон зүйл дээр л зөвлөгөө өгдөг. Тэд маань эцэг эхээ хүндэлж хайрладаг, боловсролтой, эх орондоо хайртай хүмүүс болсонд бахархаж явдаг.
Зурвас асуултын хариултыг Шилдэг менежер (менежментийн алтан ном. Тэргүүн дэвтэр, 2006 он) –ээс хэсэгчлэн авч эссэ болгон толилуулсан,
Профессор Д. Цэрэндорж
Монголын Менежментийн холбооны тэргүүн, удирдах зөвлөлийн дарга
2020 оны 11 дүгээр сарын 3
Улаанбаатар хот