Нийтэлсэн өдөр: 30/12/2020 Нийтэлсэн: admin Comments: 0

Манай холбооны тэргүүлэгч гишүүн гавъяат эдийн засагч, Доктор Г. Батхүрэлийн бүтээлээс…

МОНГОЛЫН МЕНЕЖМЕНТИЙН СЭТГЭЛГЭЭНИЙ ХӨГЖИЛТ ХОЁРДУГААР БҮЛЭГ

Нүүдлийн соёл иргэншлийн үеийн Монголын менежментийн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага, өв уламжлал (МЭӨ III зуун – МЭ ХХ зуун)

2.1. Монголын эртний төрт улсуудын үеийн (МЭӨ 300 – МЭ 1159 он) менежментийн сэтгэлгээ, түүний онцлог

Төрийн удирдлага, зохион байгуулалт МЭӨ 209 – МЭ 176 онд Хүннү гүрэн их цагаан хэрмээс Байгаль нуур хүртэл Ил Тарвагатайгаас хойт Солонгос хүртэл их газрыг эзлэн оршин тогтнож, 19 аймаг, 4 том овогтой, Түрэг, Монгол, Хамниган угсааны аймгуудын бүрэлдэхүүнтэй байсан ажээ. Хүчирхэг улсыг үндэслэгч Модун (Шаньюй) нь төрт уламжлалыг бүрдүүлсэн юм. Олон аймгууд нь хөгжлийн төвшингөөрөө янз бүр, аймаг бүр ноёлох санаатайг нь Хан (Хятад) улс ашиглан хоёр хэсэг болгон нэгийг нь эзэлсэн байдаг. Чжи-чжи Шаньюйн удирдсан хүн нар эх нутгаасаа зайлж, Алтайгаар дамжин 400-гаад оны үед Европын гүн рүү орж хүчирхэг улс болсон. Түүхэнд Гүннийн Даламбер, Атилла хаад алдаршжээ.

МЭӨ 177 онд Хүннү улсын өмнөд хилийг сахиж байсан Зүүн сэцэн ноён Шаньюйгийн зөвшөөрөлгүйгээр Хятадын хилийг өөрийн дураар түйвээсний улмаас Модун Шаньюй бодлогын яаралтай алхам хийж, Хан улсын эзэн Вэндид захидал хүргүүлсэн байдаг. Тэрхүү захидалд “тэнгэрийн ивээлээр суусан их Шаньюй миний бие бидний гэрээг хагалан цуцалж, таны улсад халдсан Зүүн Сэцэн ноёныг яллаж, түүнийг баруун зүг Күшантай (Юэчжи) дайтуулахаар илгээв. Тэнгэрийн буянаар миний цэрэг хүчтэй, морь хурдан тул Күшанийг (Юэчжи) эцэст хүртэл цохин, сөнөөж буулган авав. Лоулан, Үйсүн, Хузе болон бусад 26 улс бүгдээрээ Хүннү улсынх болов. Нум сумтай бүх хүнийг нэг гэр бүлд нэгтгэв” гэжээ.

Энэ нь Модуны тооцоолж байснаар Вэндид Хүннү улсын цэргийн сүр хүчийг ухааруулж, төвийг сахих бодлого үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүргэх дипломатын шахалт болох ёстой байжээ.

Энэ мэт олон захидал бичиж байсан нь Хүннү нар төрийн хувьд маш боловсорсон албан бичгийн соёлтой байсныг гэрчилнэ.

Хүннү гүрний их хаан Модунь Шаньюй харийн хаанд хүлэг сайн морь, үзэсгэлэнт охидыг нь гуйхад юман чинээ бодолгүй өгсөн хирнээ сөөм газар авах гэхэд нь төрийн ариун байдалд халдлаа хэмээн хилэгнэж, төрийн төмөр нүүр, хүнд илдний амт үзүүлсэн түүх нь төрийн ёсны ариун байдал түүний эрчимт чанарыг ямар их дээдлэн хүндэлдэг байсны илрэл юм. Шаньюй хаан газар бол төрийн үндэс хэмээн гүн ухааны гаргалгаа нотолгоог хойч үедээ гэрээсэлжээ.

Шаньюй төрийн хэргийг түшмэдийн чуулганаар хэлэлцэж, улсын дотоод бодлого, мөн Хятадын хаадтай захидлаар харилцах, гэрээ байгуулах, бусад орны элчин төлөөлөгчийг хүлээн авах, харь улсад дайн зарлан довтлох мэтийн гадаад бодлогын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй байжээ .

МЭӨ 200- 169 онд Нанхиад (Хятад) түүхч түшмэл Цзя-И Хүннү гүрний Шаньюй нарыг Хятад руу татахын тулд “уэр” буюу “таван урхи” гэгчийг боловсруулж “Хүннү нарыг урвуулахын тулд тэдэнд хээнцэр хувцас, тэрэг өгөх хэрэгтэй. Тэдний дурыг нь урвуулахын тулд сайхан хооллох хэрэгтэй. Тэдний хүслийг нь урвуулахын тулд сайхан байшин сууц, татвар эмс өгөх хэрэгтэй. Тэд дагаж ирвэл ухааны нь урвуулахын тул хаан өөрөө тэднийг дарс хоолоор дайлах хэрэгтэй. Энэхүү “таван урхи”, мөн бодлогыг тэр үеийн Хятадын төрөөс баримталж байжээ.

МЭӨ 174-161 онд Хүннүгийн Гиюй шаньюй хаан Хятадтай хилийн худалдааны боомт нээх, Хятад, Дорнод Туркестан, Согд, Тахар, Бактри, Иран, Грек, Ромын эзэнт гүрэн зэрэг дорно, өрнийг холбосон торгоны их замын дундуур хэсгийг эрхшээлдээ оруулж байсан нь хилийн худалдааны эхлэл болсон.

МЭӨ 68 – 53 онд Хүннү гүрний Хуянди шаньюй нас нөхцөж, төрийн эрх Зүүн гарын Жүчи ван Хюйлюй Цюанькюйд шилжив. Энэ үеэс Хүннү гүрний дотоодод хэд хэдэн бүлэглэл бий болжээ.

Хүннү гүрэн гадаадын хагалан бутаргах бодлого, дотоодын дайн самуунаас болж, Умард, Өмнөд гэсэн хоёр хэсэг болов. Хан улсын Ван Ман хаан Өмнөд Хүннү нарын төрийн тамганы үсгийг сольж, Хан улсын дотоод мужийн захирагчийн тамганы үсэгтэй ижил болгов.

Хан улсын хаан Хуханьей шаньюйд их хүндэтгэл үзүүлсэн дүр үзүүлж, хүлээн авч ёслоод тамга, бүс, гадуур, дотуур хувцас, үнэт эд шигтгэсэн сэлэм, хутга, нум сум, сүйх тэрэг, 15 хөлөг морь, 20 жин алт, 200.000 зэс зоос, 8000 хэсэг янз бүрийн торгон эдлэл, 6000 жин хөвөн даавуу зэргээр бэлэг өгч нийслэл Чаньяаньд нэг сар байлгаад буцахад нь 20000 цэргээр үдэж байсныг түүхчид тэмдэглэсэн байдаг.

МЭ 165 оны үед “Ард түмний их нүүдэл” –д Хүннү нар чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Монголчуудын дээд өвөг Хүннү нар их гүрнээ байгуулж төр улсаа мандуулж, өмнөд хөршөө сөгтөн айлгаж байсан тэр үе нь түүх болжээ.

Хүннү гүрний үед төрийн дээд удирдлага болох чуулган гэж байжээ. Үүнд Хүннүгийн хаад, гол түшмэд, зарим мянганы хаад оролцон чуулна. Чуулган нарийн дэг жаягтай, зэрэг зиндаагаараа суудаг. Хамгийн эхэнд арван эвэрт түшмэд сууна. Чуулган эхлэхээс өмнө их хаан Шаньюйд ёслол мэндчилгээ хүргүүлнэ. Эндээс улбаалж их хуралдай гэдэг төрийн дэг, сонгууль бий болжээ.

Овгийн сурвалжтны эрх мэдлийг үе улируулан дамжуулахдаа овгийн “зонхилогчдын зөвлөл” -өөр хэлэлцүүлэн сонгодог журам Хүннүгийн түүхийн эхэн үед байснаа түүний ид хүчирхэгжсэн үед энэ байдал нэгэнт алдагдаж эрх мэдлийг шууд шилжүүлэн нэгэн захиргаанд захирдаг болсон байна. Энэ нь Хүннүгийн Түмэн Шаньюйн хааны хүү Модун Шаньюй хааны үеэс эхэлжээ.

Модун Шаньюйгийн үед гүрнийг зүүн, баруун хоёр этгээдэд хуваан вангуудаар захируулдаг байсан ба ван тус бүр арван хоёр түмэн цэрэг бүхий ноёдтой, түмт бүр мянгат, зуут, аравтын зохион байгуулалтанд хуваагдан тус бүрдээ өөрсдийн ноёдтой байжээ. Тухайн нэгжийн ноёдыг харъяалах дээд ноёдыг тохоон томилдог журам тогтсон байсны дээр удирдлагын зохион байгуулалтын энэ загвар Чингис хааны эзэнт гүрний үед ч уламжлагдан иржээ.

МЭ 235 онд Сяньби (Сүмбэ) гүрэн Сүмбэ, Ухуань, Муюн, Тоба, Юйвынь, Түгүхүнь аймаг болон задрав. МЭ 250 онд Сяньби угсааны Тоба нар нутгаа өмнө зүг, одоогийн Сюань Хуан хот хүртэл, өрнө зүг Ордосыг хүртэл өргөтгөжээ. Энэ үед Тоба нар 3 том аймгийн Холбоонд нэгдэж тус тусын ахлагчид захирч байлаа. Сяньби гүрэн нь Сүмбэ, Ухуань, Муюн, Тоба, Юэвань, Түгүхүнь (Тогоон), Дуань зэрэг аймаг улс болж салжээ.

МЭ 295 онд Тоба аймгийн зонхилогчийн үүрэг гүйцэтгэж байсан Тоба – Лигуань улсаа Хүннү, Сүмбэ улсын адил гурван хэсэгт хуваан захирч байв. (Зүүн талыг өөрөө, төв хэсгийг Ито, баруун талыг Тоба Илү тус тус захирсан). Тоба вэй улс 2 салж, Зүүн Вей (535-549), Баруун Вэй (535-556) болж хуваагдсан.

МЭ 310 онд Муюн Шегуйн 2 хөвүүн Муюн хайн, Тогоон 2 муудалцаж, ах Тогоон нь албатуудаа авч нүүдэллэн цайдамд очиж нутаглаж 312 онд Тогоон улсаа байгуулсан. Түвэд, Тангуд сударт Тогоон улс гэж бичдэг. Цайдамын орчимд зүүнээс баруун тал нь 3000 бээр – 1700 км, өмнөөс хойшоо 1000 бээр – 576 км нутагтай байв. Цян буюу Тангуд нартаа аажимдаа ижилсэх болсон.

МЭ 321 онд Муюн хайнг Нанхиадын засгийн газраас умард хязгаарын цэргийн жанжин, Ляодуны ноёнг Тинчжоу мужийн захирагчаар томилж байсан.

МЭ 352 онд Муюнчууд Өмнөд Хүннү улсын нийслэл Е хотыг эзлэн, 357 онд нийслэлээ болгожээ.

МЭ 441-443 онд Хүннү улс цагаан хэрмээс хойшхи бүх нутгийг захирч, “хүр хорхой”-н онолоо хэрэгжүүлэх гэсэн Хан улсын оролдлогыг тасалж чадсан төрийн бодлого явуулсан боловч тэдний бусад мэхэнд орж дотроосоо хагаралд орж эцэст нь ялагдалд хүрчээ.

Жужан (Нирун) нарын тухай түүхэн мэдээлэл МЭӨ IV зуунаас олддог. Төр улсыг каган захирч, зүүн, баруун гар улсыг селиф гэдэг тушаалтан мэддэг байжээ. Жужаны эзэмшил нутаг маш өргөн уудам байсан ба өмнө зүгт Говь, өрнөдөд Харашар, умард зүгт Байгаль нуур, зүүн зүгт Солонгос хүрч байжээ.

Жужаны (Нирун) хаант улсад анх Хүннү улсын үед байсны нэгэн адил, улс орноо түмт, мянгат, зуут, аравтад хуваасан тогтолцоотой байжээ. Түмт, мянгатын захирсан язгууртан ноёд нь албат харъяат болон газрын эзэмшил бүхий засаг ноёны байдалтай, зуутын дарга нар нь газар эзэмшилгүй боловч албат бүхий тайжийн эрхтэй, аравтын ахлагч нь бага тушаалын түшмэл болох хандлагатай болсон байжээ.

VI зууны үед Алтайн Түрэг аймгийнхан Жужаны хаант улсыг мөхөөж, Монгол, Төв Ази, Дундад Азийн зарим аймаг улсыг эзлэн захирсан хүчирхэг гүрэн байгуулсан.

Хүннү гүрний үед цэргийн зохион байгуулалт нь түмт, мянгат, зуут, аравтын тогтолцоотой байсан, тэр нь Жужаны хаант улсын үед зөвхөн цэрэг дайны төдийгүй, засаг захиргааны зохион байгуулалтын хэлбэр болсон байжээ.

Нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг нүүдэлчний хамгийн бага нэгж нь малчин айл буюу нэгэнт байгалийн нөхцлөөр шалгаран гарсан аж ахуй, иргэний нэгжээс нэг морьт цэрэг гаргаж чадах явдлыг нөхцөл болгон тийм арван айлын нэгжийг зохион байгуулан “Арван буюу Аравт” гэдэг бөгөөд өөрийн ахлагчтай байсан ажээ. Тэрхүү “аравт” нь зохион байгуулалтын хамгийн анхдагч нэгж болж байжээ. “Зуут”-ыг зохион байгуулж зуутын ноёныг томилдог байжээ. Түүнийг орон нутгийн захиргааны байгууллагын нэгж хэмээн нэрлэдэг. “Мянгат” нь овог аймгийн хүрээнээс хальсан нэгж байсан “Түмт”-ийг нутаг дэвсгэрийн том хүрээгээр зохион байгуулдаг, баруун, зүүн гарын түмт, төв түмт, умарт түмт гэх зэргээр ангилж байсан “Түмт” нь засаг захиргааны орон нутаг, цэрэг дайны бодлогын нэгж байсан бөгөөд нэлээн биеэ даасан чанартай байжээ. Түмтийг заавал Аравт, Зуут, мянгат шиг тодорхой тоо хэмжээгэр хязаарладаггүй байсан байна.

МЭ 417 онд Аймаг болгонд ахлагч томилов. 441-443 онд Атилла төрийн эрхийг Бледатай хамтран барьж байхдаа зүүн Ром буюу Византийн эсрэг идэвхитэй бодлого явуулж олон арван хотыг өөрийн болгожээ. Нанхиадууд (Хятад) Хүннү нарт хил залгаа оршдог нүүдэлчид буюу цөөнхөд хэрэглэдэг төрийн уламжлалт хорт бодлогоо явуулж байлаа.

Үүнд:
 Хүр хорхой навч идэх лугаа адил хөршийнхөө нутгийг эзлэх,
 Бэлэглэн хазаарлах,
 Харь угсаатныг харьтнаар турхиран захирах,
 Харь угсаатныг харьтнаар довтолгон захирах,
 Охид гүнжээ өгч “ураг холбох” нэрээр аажимдаа уусгах ба хагалан бутаргах, тагнан турших, хөвгүүдээр нь хаан ширээ булаацалдуулах,

Шадар түшмэд, сайд болон хатад эмсийг нь нууцаар элсүүлэн авч, цол зэрэг өгч ятгуулах, үй олон энгийн иргэдийг шилжүүлэн суулгаж, нутгийг нь эзэмших, түүх судрыг нь хураах ба худалдан авч устган, угсаа гарвал, үндэсний үзлийг нь мартуулах, маш их хүчээр дайран довтолж, устган сөнөөж, хүн ардыг нь боол болгох явдал байжээ.

МЭ 567 онд Тогоон улсад төрийн хямрал гарсан энэ үед Тоба вэй улс Зүүн, Баруун вэй болж, дараа нь Нанхиадын Сүй улс (589-619) онд тогтжээ. Тогоон улсын хаан Куалюй Сүй улстай зэрэгцэн байлдаж байв. Тэр их урт насалж, 100 жил төр барьсан гэж түүхчид тэмдэглэсэн байдаг.

Тоба юань – Вэй улсын үед маш олон тооны сүм хийд байгуулжээ. Юань Вэй улсад 6578 сүм, 77258 лам байжээ. Бүр 510 онд 13000 сүм хийд, 1 сая ламтай болж, сүүлдээ төрийн эрх мэдэл лам, сүм хийдийн нөлөөнд орж, улс мөхөхөд хүрчээ.

МЭ 647 онд Уйгурын Элтебер Тумиду Туул голын хөвөөнд өөрийн ордоо барьжээ. МЭ 745 онд Уйгур аймаг Түрэг улсыг бут цохиж Монгол нутагт Уйгурын хаант улс байгуулсан.

Уйгар нар МЭ VIII зууны хагаст монголын нутагт хүчирхэг гүрэн болсон. Улсын дээд эрхийг хаан барих бөгөөд эзлэгдсэн нутгуудыг төлөөний сайд нар, өөрийн нутгийн хэсгүүдийг бегүүд захирч байжээ.

МЭ 755 онд Нанхиадын Зүүн хойтод гарсан Ань-лу-Шаны бослогыг дарахад 4000 цэрэг явуулж байв. Хятадын 2 хотыг чөлөөлжээ.

МЭ 840 оноос Хиргисүүд 80 жил Монгол нутагт ноёрхлоо түр тогтоож байжээ. Ер нь Монгол нутагт Түрэг угсааны улсуудын хаанчлал 552-924 он хүртэл 370-аад жилд түрүү Түрэг, хожуу үеийн Түрэг, Уйгур, Хиргис гэсэн нэрээр тогтож байсан.

МЭ 700-800-гаад оны үед Хятаны (Хидан) олон аймгууд нэгдэн хүчирхэг болж нутгаа тэлсэн.

МЭ 840-924 онд Хятан (Хидан) гүрэнд 55 аймагтай түүний өмнөд замд 16 аймаг, умард замд 28 аймаг, гадаад 8 аймаг багтаж байжээ . Олон аймаг нэгдэж эсгий туургатны нэгэн Гэр улс байгуулагдах урьдач нөхцөл бүрдсэн үеийн улс бол Хятан юм. Хятан гүрний зохион байгуулалтын онцлог бол олон овог аймгаас бүрдсэн байсан бөгөөд сонгох журам өөрчлөгдөж, эрх баригч болон тэргүүлэн гарч ирсэн нэг аймгаас зонхилогчдыг сонгодог байжээ.

МЭ 907 онд Хятан улсад Елюй овгийн Амбагян хаанд өргөмжлөгдөв. Улсаа умард, өмнөд гэж хувааж захируулжээ. Хятан нар бичиг үсэгтэй, соёл, хууль цаазны төрийн байгууллагатай нэлээд боловсронгуй тогтолцоотой байв.
921 онд Хууль цааз тогтоож, түшмэдийн зэрэг дэв бий болсон байна. 923 онд Хятаны хаан Елюй Амбагян Хэрлэн гол хавийн Зү-бүг эзэлсэн ба Уйгурын Хар балгас хүртэл довтолж, Зү-бү нар 918-1112 онд Хятанд 50 гаруй удаа алба хүргэсэн. Энэ нь Хятаны үед албан татварын бодлого хэрэгжиж байсныг гэрчилнэ.

963 онд Урианхан аймаг Ляо улсад цоохор буга, амьд хүдэр өргөжээ. Эзлэгдсэн Бохай, Зүрчид аймаг эсэргүүцэн тэмцэж доройтуулсан ба 1118-1125 онд Зүрчидын Алтан улс хятадын Сүн улстай хүч хавсран Хятан гүрнийг довтолж, Тяньцзо хааныг олзолж, 200 гаруй жил тогтсон Хятан гүрнийг мөхөөж, хүн амын үндсэн хэсгийг захирах болжээ.

1115 онд Зүрчид нар Хятаны 50 илүү хотыг эзэлж, Алтан улсыг байгуулжээ. Алтан улс нь цагаан хэрмийн дотор талд Зүрчид нар байгуулж, Монголын олон аймгуудын өст дайсан болж байгаад 1211-1215 онд хараат байдалтай болон 1231-1234 онд бүрмөсөн мөхсөн байна.

1123 онд Хятан улсын жанжин Елюй Даши албат иргэдээ авч баруун зүг нүүн Чин толгойд ирж, Монголын зарим аймгийн тэргүүлэгчдийн хуралдай хийлгэсэн байна.

1160 онд Хар Хятан хүчирхэг болж, өмнөд талд Харакумын нуруу, баруун талд Арал далай, хойт талд Балхаш нуурын зүүн хойт тал, Эрчис мөрөнд хүрч байв. Эртний аймгууд нь нилээд хэд хэдэн аймгуудын жижиг нэгдэл, айл өрхийн хүрээлэн бөгөөд тусгайлан удирдагч захирах тул хил хязгаартай, төвлөрөн тогтсон орд өргөөтэй болж, шаардлагатай цагт бэлэн гаргах цэрэгтэй, бусадтай дайтах, найрамдах, эвсэх гадаад улсад элч төлөөлөгчөө илгээх, өөрсдөө айлчлах зэрэг төр улсын харилцаанд оролцох эрхтэй байсан нь аймгууд бие даан ажилладаг төвлөрсөн бус тогтолцооны менежментийн эхлэл гэж үзэж болно.
1160 онд аймаг нь цэрэг захиргааны нэг хуваарьт орж, засаж, захирамжлах үүрэг биелүүлж, нийгмийн байгууллын шинжтэй болсон бол бас аймгуудаас бүрдсэн аймгийн холбоо ханлигийн эрх захиргааг хүлээн дагах болжээ. Энэ үед Хамаг Монгол, Хэрэйд, Найман, Татар, Мэргид зэрэг аймгийн холбоо ханлигууд оршин тогтож байсан.

Энэхүү ханлиг нь нэгдсэн засаг захиргаатай, хууль дээр голчлон тулгуурласан, шүүн таслах төрийн маягийн удирдлагатай, аймаг бүр өөрийн онцлог, аялгуу хэл яриатай, аж ахуйн тодорхой нэгдэлтэй, өрх гэрүүд дор бүрдээ өмчтэй, түүнийгээ өвлөх голомт залгамжлах ёс дэгтэй, нэгдсэн заншилтай, цус үл ойртохоор харь ургаас гэрлэхийг чухалчилдаг, ахуй соёлын өвөрмөц онцлогтой, тэнгэр газар шүтэх тахилгатай, тус бүрдээ бөө удган бэхитэй, аймгийн цуглаан хурилдай “Эе”-тэй байжээ . “Эе” нь хэлэлцдэг асуудал, явагдах дэг журам, хүндэтгэн итгэх ёсон бүхий овог аймгийн ардчиллын нэгэн хэлбэр байжээ.

Найман, Хэрэйд, Мэргид, Хиад, Тайчууд, Жүрхэд, Жадран, Татар зэрэг нь XII-XIII зууны үеийн Монголын түүхийн хуудсанд тэмдэглэгдэж, хагарал, тэмцэл, нэгдэл, уналт, сэргэлтийг хамтдаа туулж, нэг үгээр хэлэхэд хэдийгээр дотроо тэмцэлдэж байсан ч хувь тавилан нэгтэй язгуурын монгол овогтнууд байжээ.

Хамаг Монгол, Найман, Хэрэйд, Мэргид, Татар зэрэг эн тэнцүүхэн хүчин чадалтай аймгууд засгийн эрхийн төлөө өөрийн байр сууриа бэхжүүлэхийн төлөө цаг үргэлж тэмцэлдэн байсан үе. Хэрэйд, Татар хоёр хэзээнээсээ бие биендээ, бас Тэмүжиний дээд удамтай дайсагналцаж байсан. Тэмүжиний үед ч мөн үргэлжилсээр байжээ. Хэрэйд аймаг бол өнөөгийн Монголын төв хэсэг Орхон Туулын саваар нутагладаг, Найман, Хятан, Алтан улсын өстөн дайсан нь байлаа. Найманчууд Алтайн нурууны суга бэлээр нүүдэллэн амьдарч байсан.

Монгол нэгдмэл улс болоход дараах төрийн ангилалтай байсан. Нэгд, төр улсын бүрдэл (Хүннү, Сяньби), хоёрт, хаант улс (Жужан, Түрэг, Уйгар, Кыргыс, Хятан), гуравт бага ханлиг, ванлиг (Хэрэйд, Найман, Онгуд, Татар, Хамаг Монгол), дөрөвт, монголын нэгдсэн төр улс хэмээн шатлан авч үздэг.

Мянганы систем нь Хүннү нарын үед байсан тул Монгол угсаатан хэзээний мэддэг байжээ. Энэхүү системийг хэрэглэсний үрээр янз бүрийн овог, аймаг, угсаатан хоорондоо холилдон нэгдэх нь хурдсаж, нэгэн шинэ угсаатан бий болох бүхий л нөхцөл бүрэлдсэн байж болно.

Дээрх нийтлэлийг Demand Facebook хуудаснаас авсан болно.

Сэтгэгдэл үлдээх