Нийтэлсэн өдөр: 06/03/2021 Нийтэлсэн: Tserendorj Dagvadorj Comments: 0

Манай холбоо сүүлийн үед гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, хүмүүстэй хамтран менежментийн орчин цагийн сэтгэлгээ, ажлын арга барил, туршлагын асуудлаар судалгаа хийж үр дүнг нийтийн хүртээл болгоход багагүй анхаарал хандуулж байгаа билээ. Энэ удаад менежментийн олон улсын зөвлөх, туршлагатай бизнесмен Двайт Михайличтай хамтран Монгол хэлнээ зохиомжлон орчуулж хэвлүүлсэн The Effective CEO номоос “Гүйцэтгэх захирлын онцгой эрх, үүрэг” хэсгийг өөрийн цахим хуудаснаа нийтэлж байна.

Номыг бүрэн эхээр нь олж авахыг хүсвэл бидэнтэй болон Монголын менежментийн зөвлөхүүдийн институттэй шууд холбогдоно уу

Гарааны жижиг бизнес эрхлэхээс авахуулаад үндэсний хэмжээний томоохон корпорацийг толгойлох хүртэл менежментийн онол үйлдлэгт биеэр суралцаж энэ чиглэлээр олон улсын түвшинд зөвлөхөөр ажиллаж буй Двайт Михайлич өөрийн бичсэн “Үр бүтээлч СЕО. Тогтвортой гүйцэтгэлийг тэгш хангах арга замууд” номоо 2019 онд анх Монголын уншигчдын анхааралд толилуулсан билээ.

Монголд нэг хуучны үг байдаг. “Тэмээ хариулсан хүн буурныхаа занг андахгүй” гэж. Утгачилбал ажил хийж, үүрэг хүлээж үзсэн хүн л бусдад юу хийхийг, бас юу хийж болохгүйг зөвлөж чадна гэсэн санаа. Зөвлөх Д. Михайличийн энэхүү номоос санаа авч Монголын онцлогт тохируулан зарим нэмэлт тодруулга хийн манай холбооны цахим хуудсанд цуврал хэлбэрээр байрлуулах тухай саяхан ярилцаж тохирсон юм. Ингэснээр эдгээр нийтлэл нь Таны хувьд өөрийгөө хэр зэрэг сайн, бас хэр зэрэг үр бүтээлтэй менежер болж байгаагаа өдөр дутам шалгахад жинхэнэ гарын авлага болно хэмээн бид найдаж байна.

Энэ ташрамд Монголын уншигч олонд менежментийн шинэ мэдлэг хүргэх үйлсэд хамтран ажиллах бололцоо олгосон Канад улсын иргэн, менежментийн олон улсын зөвлөх Двайт В. Михайлич, Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн захирал Алтантуяа, түүний охин Саруул нарт гүн талархал илэрхийлье.

 

Байгууллагын захирал,түүний онцгой чиг үүрэг

Ямар ч салбарт ажиллаж байлаа гэсэн байгууллагын захирал гэдэг албан тушаал хамгийн чухал, хамгийн хэцүү, бас хамгийн өндөр цалинтай ажил байдгийг хүмүүс мэднэ. Нэг үгээр байгууллагын дотор түүнээс цааш явах “газар-үгүй.”

Захирал нь удирдах дээд байгууллага болон байгууллагын нэгж хэсгүүдийг хооронд нь холбогч байж байгууллагын бүх үйл ажиллагаа, түүний дотор өрнөж бүй бүх үйл явцыг хариуцахаас гадна байгууллагыг түүний хүрээлэлтэй холбох гол шижим болдог. Хамгийн гол нь байгууллагын хэтийн төлөвлөгөө, стратегийг хэрэгжүүлэх гол хариуцлага түүнд ногддог.

Тэгэхлээр ийм хэцүү, бас нарийн төвөгтэй ажлыг сайн хийхийн тулд захирал хүн /бизнесийн байгууллагын хувь түүнийг гүйцэтгэх эсвэл ерөнхий захирал гэж нэрлэдэг/ ажлаа юунаас эхлэх ёстой вэ? Үүний тулд, юун түрүүнд байгууллага гэдэг нь бидний хүрээлэн буй орчинд байгаа нэг систем гэдгийг ойлгох нь чухал.

Өөрөөр хэлбэл байгууллагыг систем гэж бодвол түүний гол зорилго нь байгаа нөөц боломж буюу орцыг тодорхой үнэ цэнэ бүхий бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ – гарц болгон хувиргах явдал юм. Гэхдээ энд байгаа нөөцийг хэрхэн зөв, үр дүнтэй ашиглаж яаж гарсан зардлаас илүү орлого буюу ашиг олох, эсвэл илүү үнэ цэнийг бий болгох вэ гэдэг бол хамгийн гол асуудал. Энэ бол хэлэхэд амархан ч хийхэд хамгийн хэцүү зорилт гэдгийг хүн бүр төдийлөн сайн мэддэгүйд хэргийн учир бий.

Аливаа байгууллагыг энгийн систем хэмээн үзэх нь хэт хялбарчилсан ойлголт мэт санагдаж байж магадгүй ч, ингэж бодох нь чухал. Яагаад гэвэл, гаднаас нь харахад , систем хэмээх энэ “хар хайрцаг” дотор юу болж байгаа нь хэн д чухал биш, гэхдээ түүнээс юу гадагшлаж байгаа нь тэдний хувьд сонирхолтой төдийгүй бүр маш чухал байдаг гэдгийг санах хэрэгтэй.

Учир нь тэрхүү системээс юу гарч байгаа, тэр ямар үнэ цэнэтэй байгаас тухайн байгууллагын хувь заяа, тэр уг системийн цаашид оршин тогтнох эсэх нь шууд хамаардаг учраас тэр. Үүнийг Зураг 1 -ээр үзүүлжээ. (Д.Михайлич. Үр бүтээлч CEO. Тогтвортой гүйцэтгэлийг тэгш хангах арга замууд. 2019 )

diagram

Өөрөөр хэлбэл, ямар ч байгууллагын үйл ажиллагаа нь тэдгээрийн чиглэл, хамрах хүрээ, онцлогоос үл хамааран өөр хоорондоо харилцан хамаарал бүхий хэд хэдэн  бүрэлдэхүүн хэсгийг багтаана. Харин тэдгээрийг орон зай, цаг хугацааны нэгэн тохироон дор нэгтгэн үйл хөдлөлд оруулах гол хүч бол менежмент юм. Байгууллагын бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг уншигч олонд ойлгомжтой, санаж сэрэх, ярьж бичихэд амар хялбар байх үүднээс цөмийг М үсгээр эхэлдэг байхаар зориуд нэрэлбэл түүнийг дараах зургаар дүрслэн харуулж болно. (Зураг 2 Д. ЦЭРЭНДОРЖ Дэлхийн менежмент, хамаарахуйн Монгол ухаан)

Screen Shot 2021-03-06 at 1.24.05 PM

Товчдоо, менежмент байгаа нөхцөлд, гэхдээ  зөвхөн зөв, сайн менежмент хийж чадаж байгаа нөхцөлд л материал түүхий эдийг ч, машин тоног төхөөрөмжийг ч, мөнгө хөрөнгийг ч, ер бүгдийг бий болгож, бас  аливаа бизнесийг үр дүнд хүргэх нөхцөл боломж бүрдэнэ. Энэ утгаараа газрын хэвлийд байгаа эрдэс баялаг ч, агуулахад хураасан машин техник ч, овоолгоотой байгаа бараа материал ч, хэн нэгний халаасанд, эсвэл хадгаламжинд хийсэн мөнгөн хөрөнгө ч тэдгээрийг зүй зохистой ашиглаж,  эдийн засгийн эргэлтэд оруулахгүйгээр өөрийн гэсэн үнэ цэнээ бүрэн гүйцэд  илэрхийлж  чадахгүй. 

Үүнтэй холбоотойгоор орчин үеийн эдийн засаг, менежментийн ухаанд аливаа байгууллагын үнэ цэнийг хатуу бүтэц буюу материаллаг тал, зөөлөн бүтэц буюу хүний ур чадвар, мэдлэг, менежментийг багтаасан хүмүүний тал гэсэн 2 хэсэгт ангилан судалж иржээ. Гэхдээ ихэнх тохиолдолд зөөлөн бүтцийн үнэ цэнэ нь материаллаг бүтцийн үнэ цэнээс хэд дахин их байдаг болохыг  олон  судалгаа харуулсан байна.  

Товчоор хэлбэл өдгөөг хүртэл хүмүүс байгууллагаас өөр бодсоноо хэрэгжүүлж санасандаа хүрэх илүү үр дүнтэй хамтын хөдөлмөрийн албан ёсны арга хэлбэрийг хараахан олж харж, зохион бүтээж, ашиглаж чадаагүй билээ. Энэ утгаараа байгууллага бол менежментийг хэрэгжүүлэх түгээмэл хэлбэр болсоор ирсэн түүхтэй. Харин байгууллагын хувь заяа, амжилт ололт, үйл ажиллагааны үр дүн эцсийн дүндээ түүний менежментээс шууд шалтгаалдаг байна. 

Тэгэхлээр асуулт: Системийн илүү үнэ цэнэ бий болгох чадварыг хэрхэн сайжруулах вэ? Энэ нь мэдээж байгууллагын гүйцэтгэлийн тухай ярьж байгаа гэсэн үг. Энэ асуултын хүрээнд системийг дахин сайтар бодох юм бол, байгууллагын гүйцэтгэлд нөлөөлөх 3 гол хүчин зүйл бий болохыг бизнесийн олон улсын зөвлөх Дэвид Михалиц  дурдсан байдаг. Зураг 3-ыг харна уу. (Двайт В. Михайлич. Үр бүтээлч CEO. Тогтвортой гүйцэтгэлийг тэгш хангах арга замууд.2019)

Screen Shot 2021-03-06 at 1.29.54 PM

Эхний хүчин зүйл нь байгууллагын стратеги: 

  • Байгууллагын эрхэм зорилго юу вэ? Байгууллагын оршин тогтнож буй гол зорилго юу вэ? 
  • Байгууллагын хэтийн зорилт юу вэ? Өсөж хөгжих эрмэлзэл болон одоогийн байдлаас ирээдүйд ямар болон өөрчлөгдөх тэмүүлэл байна вэ?  Энэ нь байгууллагын ирээдүйн чиг хандлага болон, өөрчлөлтийн процессийг тодорхойлж байдаг. 
  • Үнэ цэнэ. Бид байгууллага дотроо хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Бид ажлаа хийхдээ юу юуг эрхэмлэн ажиллаж байна вэ? Бид өөрсдийн ажиллах нөөцийн хүрээнд хэрхэн илүү үнэ цэнийг бий болгож болох вэ?
  • Стратегийн байр суурь. Байгууллагын хувьд бид өрсөлдөгч болон биднийг орлогч нараас ялгарахуйц үнэ цэнийг хэрхэн бий болгох вэ? Энэ маш чухал асуулт бөгөөд зөвхөн энэ сэдвийн хүрээнд олон мянган ном бичигдсэн байдаг.
  • Өөрчлөлт болон Үйл Ажиллагааны зорилгууд Байгууллага өөрийн хүссэн байр суурь эсвэл эрхэм зорилгодоо хүрэхийн тулд үйл ажиллагааны ямар зорилго болон өөрчлөлтийн зорилтууд дээр төвлөрөн ажиллаж байна вэ?
  • Нөөц. Хамгийн сайн бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээг бий болгоход шаардлагатай үнэ цэнийг бүтээхэд хэрэгтэй нөөцийг хаанаас, хэрхэн олох вэ?

Хоёр дахь хүчин зүйл бол Байгууллагын Системүүд.

–  Удирдлагын хэдэн шат давхарга шаардлагатай вэ? Функционал хэсгүүдээ хамгийн их үр ашигтай байлгахын тулд хэрхэн уялдуулвал зохих  вэ?

– Заавал байх ёстой бизнессийн гол системүүд юу вэ? Хүний нөөцийн ямар системүүд хэрэгтэй вэ, жишээ нь нөхөн олговор, гүйцэтгэлийн удирдлага гэх мэт. Үүнээс гадна стратегийн болон бизнес төлөвлөлтийн систем, санхүүгийн бүртгэлийн систем, төсвийн систем зэрэг.

Гурав дахь хүчин зүйл нь хүмүүс

  • Зөв хүмүүсийг зөв албан тушаалд томилж, зөв ажлыг нь хийлгэх систем
  • Ажлыг дээрээс доош болон хөндлөн хуваарилан даалгах  систем 
  • Байгууллага дотор ажлын урсгалыг  зохицуулах системүүд 
  • Байгууллагын бүх албан тушаалны  амжилтын  шалгуурууд буюу багийн ажлын гүйцэтгэлийн систем
  • Хариуцлага болон эрх мэдлийн тогтолцоо 

Энэ бүхнээс үндэслэн Гүйцэтгэх Захирлын үүрэг хариуцлагыг дараахь байдлаар тодорхойлж болно.  (Зураг 4. Двайт Михайлич. Үр бүтээлч CEO.  Тогтвортой гүйцэтгэлийг тэгш хангах арга замууд .2019)

Screen Shot 2021-03-06 at 1.32.08 PM

Дээрх зургаас харахад гүйцэтгэх захирал нь байгууллагын статегийн зорилтуудыг тодорхойлох, бүх төрлийн  нөөц, түүний дотор хүний нөөцийг бүрдүүлэлт ашиглалт гэсэн  3 хүчин зүйлийн огтлолцол дээр байрлаж ямар зүйлд хэр их нөөц зарцуулах шаардлагатайг байгууллагын гарц буюу үнэ цэнийн стратеги зорилтын  үүднээс тодорхойлж ситемүүд болон тэдгээрийн хоорондын уялдаа зохицолдоог хангах үндсэн чиг үүрэгтэй болох нь харагдана. 

Жишээ нь, стратегийн төлөвлөлтөнд нөөц хуваарилах нь зүйтэй, гэхдээ стратеги хэрэгжүүлэлтэд үүнээс ч илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Санхүү бүртгэлийн удирдлага мөн чухал, гэхдээ энэ нь өртөг өндөртэй учир өөр хэлтэстэй ч юм уу “наймаалцах” шаардлагатай болдог. Мөн  хүний нөөцийн төвлөрсөн удирдлага өртөг багатай, хэлтсүүд хоорондын ажлын стандарт тогтвортой байх ч, түүнийг  илүү уян хатан, өөрчлөгдөж буй нөхцөл байдалд хурдан түргэн дасан зохицож шаардлагатай “хариу үйлдэл үзүүлэх” боломжтой байхаар эрх мэдлийг дахин хуваарьлах шаардлага гардаг. 

Санхүүгийн захирал илүү нарийн санхүү бүртгэлийн систем санал болгож юуны магад. Санхүүгийн үүднээс энэ нь механик ажлыг хөнгөвчлөн, илүү найдвартай мэдээллийг хурдан шуурхай гаргах гэх мэт олон давуу талуудтай ч үүний оронд тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулалт хийвэл илүү үр ашигтай байж болох.  Нөгөөтэйгүүр шинэ санхүүгийн системд хөрөнгө оруулсанаар байгууллагын үйл ажиллагаанд яг ямар өөрчлөлтүүд гарах вэ? гэдэг асуудлыг бодолцох хэрэгтэй болно. 

Томоор харвал, байгууллагад юу нь хамгийн ашигтай вэ? Энэ асуултад өгөх цорын ганц зөв хариулт бий. Мэдээж түүнийг олох амаргүй. Гүйцэтгэх захирал  өөрийн туслахууд болон   менежерүүдийн мэргэжлийн ур чадвар, туршлагад  найдаж тэдний санал зөвлөмжийг авч болно. Гэвч тулгарсан  асуудлыг олон талаас нь, бүхэлд нь авч  үзэж, тэнцвэрийг нь олж  эцсийн хамгийн зөв,  оновчтой шийдвэр гаргах бүрэн эрх, онцгой үүрэг зөвхөн түүнд ногдоно. 

Сэтгэгдэл үлдээх